Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр манай улсад гурван өдөр албан ёсны айлчлал хийгээд буцлаа. Энэ нь БНХАУ-ын Засгийн газрын шинэ удирдлага томилогдсоны дараа Засгийн газраа төлөөлөн хийж буй Гадаад хэргийн сайдын анхны айлчлал юм.

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Гадаад хэргийн сайд Ван И нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухайн Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг болон Монгол Улсын гадаад харилцааны яам, БНХАУ-ын Гадаад хэргийн яам хоорондын 2019-2020 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурсан.

Мөн тэд Монгол Улс, БНХАУ-ын хооронд тогтоосон Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг тэргүүлэх салбаруудад идэвхжүүлэн гүнзгийрүүлэх, хамтын ажиллагааны хүрсэн тохиролцоог урагшлуулах, томоохон төслүүдээ эхлүүлэх, олон улсын болон бүс нутгийн харилцааны асуудлаар санал солилцов.

Д.Цогтбаатар, Ван И нар уулзалт, хэлэлцээнийхээ үеэр ирэх онд БНХАУ-д айлчлах Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгыг дахин нотолж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой зорилтуудыг дэвшүүлэн, түүнээ хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөж буй талаар санал солилцсон. Мөн манай эдийн засгийг зээл тусламжаас хамааралтай байдлыг халж, тэнцвэртэй тогтвортой хөгжлийг баталгаажуулахын тулд хоёр талын худалдааг нэмэгдүүлэн, 15 тэрбум ам.долларт хүргэхээр зорьж ажиллана гэлээ.

Хамгийн чухал нь манай улсад БНХАУ-аас оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхдээ уул уурхайгаас бусад салбар руу түлхүү чиглүүлэх талаар Д.Цогтбаатар, Ван И нар санал нэгдэж, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, Замын-Үүд, Эрээний бүсүүдийн хамтын ажиллагааг эхлүүлэхээр тохиролцсон юм. Түүнчлэн хоёр тал өндөр дээд хэмжээний уулзалтуудыг дахин хийх талаар ярилцлаа.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Албан ёсны хэлэлцээ амжилттай, найрсаг болж өнгөрлөө. Ноён Ван Игийн айлчлал Монгол, Хятад хоёр улсын найрсаг хамтын ажиллагааг идэвхжүүлж, үргэлжлүүлэх, чухал шинэ үр дүнд хүргэлээ” хэмээн дүгнэсэн.

Харин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И “Энэ удаагийн айлчлалаар нэгдүгээрт, улс төрийн харилцан итгэлцэл, харилцан дэмжлэгээ улам нэмэгдүүлж, хоёр талын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулах, хоёрт, энэ харилцаанд гарсан боломжийг ашиглаж хоёр талын харилцааг хурдацтай хөгжих замд оруулах, гуравт, “Бүс ба зам” санаачилгаар хоёр талын хөгжилд хүч нэмэгдүүлэх, дөрөвт, ирэх онд тохиох хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан хоёр талын харилцааг шинэ шатанд гаргах гэсэн дөрвөн асуудлаар Монголын талтай санал солилцлоо.

Мөн яриа хэлэлцээний үеэр хэд хэдэн чухал тохиролцоонд хүрсэн. Тухайлбал, нэгдүгээрт, бие биеийнхээ язгуур эрх ашгийг хүндэтгэнэ. Хоёрт, хоёр талын улс төрийн суурь үндсийг сахин хамгаална. Монголын талаас нэг Хятад зарчмыг баримталж, Төвөд бол Хятадын салшгүй нэг хэсэг байна гэж үздэг гэсэн байр суурийг дахин илэрхийллээ. Хятадын талаас Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж байна.

Монголын ард түмний сонгосон хөгжлийн замыг хүндэтгэж байна. Мөн хоёр орны өндөр, дээд түвшний айлчлалын давтамжийг хадгалж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг ирэх онд Хятад улсад төрийн айлчлал хийхийг урьж байна. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг ирэх онд Хятадад айлчлахыг урьсан. Гуравт, “Бүс ба зам” болон Монголын “Хөгжлийн зам” санаачилгыг уялдуулан хэрэгжүүлэх ажлын тодорхой төлөвлөгөө гаргана.

Хятад, Монголын чөлөөт худалдааны хэлэлцээрийн хамтарсан судалгааны ажлыг эхлүүлэхийг зарласан. Хятад, Монголын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн тухай Засгийн газрын хоорондын хэлэлцээрийг байгуулахад санал нэгдсэн. Дөрөвт, бодит харилцан ашигтай хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлнэ. Хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлнэ. Хятад улсын дэмжлэгээр барих Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн төсөлд чухал ахиц гарсан.

Энэ онд багтаж барилгын ажлыг албан ёсоор эхлүүлэхийн төлөө ажиллаж байна. Хоёр улсын боомтын дэд бүтцийн төслүүд хөгжиж байна. Мөн Монгол Улсаас санал болгосон мал аж ахуйн бүтээгдэхүүн, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх тухай саналыг Хятадын тал нааштай хүлээж авахад бэлэн байна. Тавд, ирэх онд хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнүүдийн талаар ярилцаж, санал нэгдэн, Засгийн газар хооронд санамж бичигт гарын үсэг зурлаа.

Цаашид соёл, боловсрол, шинжлэх ухаан, залуучуудын солилцоог идэвхтэй хөгжүүлнэ. Хятад, Монгол, Орос гурван улсын гурван талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх саналд нэгдсэн. Мөн Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг түргэтгэж, бүс нутгийн хөгжилд түлхэц үзүүлнэ. Олон улсын чөлөөт худалдааны механизм болон дэлхийн худалдааны байгууллагын журмыг сахин хамгаална” гэлээ.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд нарт бараалхаж, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх шинэ боломжуудын талаар ярилцсан. Мөн тэрбээр Увс аймагт ажиллан, баруун таван аймгийн удирдлагатай махны экспортыг сэргээх, боомтын чадавхыг сайжруулах, түүхий эдийг гүн боловсруулах болон бусад асуудлаар ярилцаж тохиролцоонд хүрсэн бөгөөд таван сая юанийн тусламж үзүүлэхээ амлав.

Айлчлалын сүүлчийн өдөр буюу бямба гарагт Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И БНХАУ-ын Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хамт “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл”-ийн бүтээн байгуулалтын нээлтийн ёслолд оролцлоо.

“Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл”-ийг БНХАУ-аас Монгол Улсад олгож буй хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх бөгөөд хоёр талын Засгийн газрыг төлөөлж уг төслийг албан ёсоор нээсэн нь айлчлалын томоохон үйл явдал байв. Энэ үеэр Ерөнхий сайд “Өнгөрсөн хавар БНХАУ-ын дарга Си Зинпиний урилгаар Хятад улсад айлчлах үеэр ярьсан манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны Иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай яриа хэлэлцээр биелэлээ олж бодит ажил болж байгаад баяртай байна. Тэр үед олон улсын стандартад нийцсэн цэвэрлэх байгууламж барих талаар харилцан тохиролцож байсан маань өнөөдөр ажил хэрэг болж байна” гэв.

Ван И сайд “Хүндэт Ерөнхий сайд болон бусад зочид та бид ийм чухал үйл явдлын гэрч болж, миний хувьд биечлэн оролцож, түүхэн бүтээн байгуулалтыг эхлүүлж буйдаа баяртай байна. Манай хоёр орны харилцааны түүх эртнийх бөгөөд улам өргөжин тэлж, хөгжсөөр ирсэн. БНХАУ-ын Засгийн газраас Улаанбаатар хотноо барьж байгуулсан Энхтайваны гүүр өнөө ч үүргээ гүйцэтгэж байна. Одоо барих Төв цэвэрлэх байгууламж мөн ийм болно гэдэгт би итгэлтэй байна.

Бид энэ байгууламжийг төлөвлөсний дагуу барьж ашиглалтад хүлээлгэж өгөх болно. Олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжөөр, хамгийн сүүлийн үеийн дэвшилт техник, технологийн ололтийг шингээн байгуулж, Улаанбаатарын оршин суугчдын ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө чармайх болно. Үүгээр зогсохгүй хотын орчныг сайжруулж, дэд бүтцийг хөгжүүлэхэд ч гар бие оролцоно. Байгаль орчныг хамгаалж, ард, иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд бид чадах бүхнээ хийх болно. Энэ нь манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх эрмэлзлэлийн нэг хэсэг юм“ хэмээлээ.

БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван Игийн айлчлал ийнхүү ажил хэрэгч, чухал үр дүнгээр дүүрэн болж өндөрлөв.

Эх сурвалж: “Өнөөдөр” сонин

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн