НҮБ-ын Хүүхдийн сангаас Бангладешийн дүрвэгсдэд зориулсан байранд хоргодож байгаа 500 мянга гаруй дүрвэгч рохинжа хүүхдүүдийн ирээдүй бүрхэг байгааг сануулсан байна. Учир нь Мьянмараас дүрвээд жил болж байгаа ихэнх хүүхдүүдийн боловсролд анхаарахгүй бол “Алдагдсан үеийнхэн” болох вий гэхээс эмээж байгаагаа илэрхийлжээ. Өнгөрсөн жилийн наймдугаар сарын сүүлчээр Мьянмарын Ракхайн мужид тус улсын үндэстний цөөнх болох рохинжа иргэд дараалсан зэвсэгт халдлагад өртсөн билээ.
Энэ үеэр 700 мянга гаруй Бангладеш руу дүрвэснээс хойш энэ тоо нэмэгдсээр сая гаруй болоод байна. Үүнээс тал гаруй нь хүүхдүүд аж. Харин НҮБ-аас гаргасан тайланд хэзээ төрсөн нутагтаа харихаа мэдэхгүй байгаа эдгээр хүүхдүүдийн ирээдүйн талаар “Бид тэдний боловсролд хөрөнгө оруулалт хийхгүй бол ирээдүйд боловсрол эзэмшээгүй,алдагдсан нэгэн үеийнхнийг харах хүндхэн эрсдэлтэй тулгарна” гэж Бангладешт суугаа НҮБ-ын төлөөлөгч Эдуард Бейгбедер сануулжээ. Түүнчлэн тэдгээр хүүхдүүд одоо амьдарч байгаа нөхцөл байдлаа сайжруулахад шаардлагатай боловсрол хэрэгтэй. Энэ хэвээрээ үлдвэл тэд Мьянмар руу буцсан тохиолдолд эх орныхоо нийгэмд хувь нэмрээ оруулах чадваргүй хүмүүс болно хэмээн онцолжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин