Нэгэн хосын богинохон ч гэсэн жаргалтай амьралын түүх олон хүний сэтгэлийн утсыг хөнджээ. Тэрбээр 32 настай Ян Фен, 24 настай Сиао Хуй нар хоёр жилийн өмнөөс танилцаж, болзож эхэлжээ. Гэвч тэдний үерхэл нөхөрлөлийн аз жаргалтай хоног өдрүүд удаан үргэлжилсэнгүй. Сиаогийн бие гэнэт муудаж, эмч нар түүнд нэн ховор тохиолддог нэг төрлийн цусны хорт хавдар гэсэн онош тавьжээ.
Тэр мөчөөс эхэлж Ян найз бүсгүйгээ бүтэн хоёр жилийн турш эмнэлэгт асарч, сувилсан байна. Гэсэн ч түүнд өдөр шөнөгүй Сиаогийн дэргэд байгаад байх боломж байсангүй. Учир нь түүнд Сиаогийн эмчилгээ, эм тариа, бас бус зүйлд зарцуулах мөнгө хэрэгтэй болжээ. Ингээд Ян Фен сарын 5000 юаны цалинтай ажил хийж эхэллээ. Зүтгэж зүтгэж олсон мөнгөнийх нь дийлэнхийг буюу 3000-4000 юаныг Сиаогийн эмчилгээний төлбөрт эмнэлэг хуу хамж орхино.
Үлдсэн 1000 юаниар нь ойр зуурын хэрэглээгээ болгоно. Ийм маягаар бүтэн хоёр жил өнгөрөхөд найз бүсгүйнх нь бие дээрдэх биш, улам дордсон байна. Эмч нар түүнийг эмчилгээ авахаасаа өнгөрсөн гэж үзжээ. 2018 оны наймдугаар сарын 10-ны өдөр эмч нар Янд найз бүсгүйд чинь хэдхэн хоногийн нас үлдсэн гэдгийг дуулгасан байна.
Ийм мэдээ дуулна гэдгээ мэдэж байсан Ян, Сиаог амьдралынхаа үлдсэн хэдхэн хоногийг битгий харамсаж өнгөрөөгөөсэй гэж маш их хүссэн учраас эмч нарын үгийг сонссон даруйдаа хайртай бүсгүйдээ “Надтай гэрлээч” гэдэг саналыг тавьжээ. Эмч нар Сиаог удахгүй үхнэ гэж хэлснээс ердөө нэг өдөр хагасын дараа хуримын ёслол зохион байгуулдаг компанийн ажилтнууд эмнэлэг дээр ирж, хосууд хуримаа хийхэд шаардлагатай бүх зүйлсийг бэлдэж эхэлсэн юм.
Тэд Янд гоёмсог хослол, харин Сиаод сүйт бүсгүйн тансаг даашинз болон бусад хэрэгтэй зүйлсийг бүгдийг нь бэлдэж дууссан аж. Хуримын компанийн ажилтнууд наймдугаар сарын 11-12-нд шилжих шөнө ажлаа эхэлсэн бөгөөд 12-ны өдрийн үд дунд хосууд албан ёсоор эхнэр, нөхөр бололцох ёстой байлаа. Хуримын бэлтгэлийг ердөө хагас өдөр дотор хийсэн нь энэ.
Гэвч 12-ны үдээс хойш 4 цаг 30 минутанд сүйт бүсгүйн бие гэнэт муудлаа. Тэр ухаан орохгүй хиймэл амьсгалын аппараттай байсаар 5 цаг 18 минут болгожээ. Ингээд эмч нар хөөрхий бүсгүйд сүүлчийн боломжийг олгохоор шийдэж, түүнд хүчтэй тариа хийж, хиймэл амьсгалын аппаратыг нь салгалаа. Энэ мөчид Ян “Чи надад гомдохыг хүсэхгүй байгааг чинь би мэдэж байна.
Чи миний эхнэр болохыг хүсч байгаа биз дээ” хэмээн хашгирч, харин Сиао “Би чамтай гэрлэхийг хүсч байна. Би чамтай амьдрахыг хүсдэг” хэмээн сулхан дуугаар хэлснээр хосууд үүрд хагацсан юм. Амьсгал хурааж буй хайртай бүсгүйнхээ гарт хуримын бөгжийг нь дөнгөн данган амжиж зүүж өгсөн Ян “Тэр бол миний амьдралын цорын ганц хайртай хүн байсан.
Сиао маань энэ хорвоод ганцаархнаа зовохыг хүсээгүй учраас л надад дурлаж, намайг сонгосон байх” хэмээн өөрийнх нь амьдралын түүхийг сурвалжлахаар эмнэлэг дээр ирсэн Хятадын телевизийн сурвалжлагчид ярьжээ. Энэ өдрүүдэд Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд монголчууд бидний зөвхөн Солонгос цуврал дээр л гардаг болохоос амьдрал дээр хэзээ ч тохиолддоггүй хэмээн боддог байсантай яг ижилхэн гэж хэлж болохоор харуусам, бас бахархам хайрын түүхийн талаар ам уралдан бичицгээж байна. Женжоу хотын залуухан хосуудад жинхнээсээ тохиолдсон энэ хайрын түүхийг зарим хүмүүс заавал кино, эсвэл роман болгох хэрэгтэй хэмээн Хятадын интернэт орчинд бичицгээжээ.
Эх сурвалж: Feedytv.com
1 comment
wow hair gej huchtei uym daa.