Г.Равжаа
Эрдэнэт хүний биеийг олж, эхийн хэвлийд бүрэлдэнэ гэдэг ховорхон аз, завшаан гэдэг. Тэр дундаа ээж аавдаа ихэр үр болж мэндлэх бүр ч илүү хувь заяа. Алаг эрээн амьдралын нугачаанд ихэр ах дүүс төөрөлдөх, бие биенээ мэдэлгүй өсөх тохиолдол дэлхийд цөөнгүй гардаг. Монголд ихрүүдийн нэг нь сураггүй болж нөгөөгөө хүлээхийн зовлонг 14 жил эдэлж буй хүү бий.
Одоогоос 14 жилийн өмнө буюу 2004 оны зургадугаар сарын 19-ний 10.30-11.00 цагт тухайн үеийн Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн харьяа “Хараацай” зуслангаас дөрвөн настай ихрүүдийн нэг нь алга болсон юм. Гэрэлмаагийн Гурвансайхан хэмээх дөрвөн настай хүү дүү Г.Гурванхангайн хамт зуслангийнхаа байрнуудаас холгүй тоглож байгаад алга болсон нь нэлээд дуулиан болж, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн, тэр үеийн Гамшгаас хамгаалах ерөнхий газрын аврагчид, хугацаат цэргүүд, Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн багш нар Хандгайтын амны зүүн ойг самнаад олоогүй юм.
Сурвалжлагч би тухайн үед газар дээр нь очиж сурвалжлахад аврагч, цэрэг, цагдаагийнхан хоорондоо 1-2 метрийн зайтай явж модны хожуул, унанги бүрийг нягталж байв. Тэгэхэд багш нар нь “Ах дүү хоёр тоглож байгаад нэг нь алга болсон. Алга болсон хүү өөрийгөө Сайханаа гэдэг, дүү нь ч тэгж дууддаг. Баавгай, чоно барьсан бол гутал, хувцасных нь тасархай ч болтугай олдмоор юм. Хүн аваад явсан болов уу” хэмээн ярьж байлаа.
Түүнээс хойш 14 жил өнгөрөхөд Г.Гурвансайхан хүүгийн сураг ч гарсангүй. Ихэр дүү Г.Гурванхангай нь 19 насанд хүрч, Хүүхэд гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төв (Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийг ийн нэрлэх болсон)-дөө хүмүүжихийн зэрэгцээ СУИС-ийн харьяа “Бадмаараг” ахлах сургуульд суралцаж, урлагийн чамгүй амжилт гаргаж байгаа юм. Тэрбээр одоо болтол ахыгаа хайж, амьд гэдэгт нь эргэлзэхгүй байна.
Өнөө цагт хүүхэд алга боллоо гэх мэдээлэл өдөр тутам сонсогдох болсон билээ. Тэр үед хүүхэд алга болсон, гэрээсээ дайжсан тохиолдол бараг л гардаггүй байв. Тиймээс дүү нь ахыгаа идэвхтэй хайсаар, төрсөн эмнэлэг болох ЭХЭМҮТ, Ихэр хүүхдийн сувиллын ясли, Улсын бүртгэлийн газар гээд сураг гарч болзошгүй газруудаас лавлагаа авсаар яваа юм.
Д.РАЯ: Г.ГУРВАНХАНГАЙ УУЛ РУУ ХАРААД “АХ АА, АХ АА” ГЭЭД Л ДУУДДАГ БАЙСАН
Г.Гурвансайхан, Г.Гурванхангай нарыг цэцэрлэгт хүлээн авч байсан багш Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн сурган хүмүүжүүлэгч Д.Раятай уулзаж тухайн үед болсон явдлын талаар яриуллаа.
-Таныг Г.Гурвансайхан, Г.Гурванхангай нарын багшаар ажиллаж байсныг сонсоод уулзахаар ирлээ. Тэд танай төвд хаанаас ирж байсан юм бэ?
-Хоёр нас жаахан өнгөрөөд Ихэр хүүхдийн сувиллын яслиас манай Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн цэцэрлэгт шилжин ирж байсан юм. Бүтэн өнчин хүүхдүүд гээд л манайд шилжиж ирсэн байв. Би тус төвд 30 гаруй жил багшилсан хүн. Тэр хоёр маань амь нэгтэй. Тоглож байхдаа нэгнээ байнга л дэргэдээ байгаа, эсэхийг харж байдаг.
-Одоогоос 14 жилийн өмнө энэ хоёрын нь нэг сураггүй болоод өдий хүрлээ. Тухайн үед “Хараацай” зуслан руу очиж сурвалжилга хийж байхад та бүхэн “Үр хүүхэдгүй хүн л аваад явсан болов уу” гэцгээж байсан.
-Цаг хугацаа хурдан юм. Одоо Г.Гурванхангай минь 19 хүрчихсэн байна шүү дээ. Тухайн үед ээлжийн амралтаа авсан бүх багш нараа дуудаж Г.Гурвансайханыг хайж байлаа. Г.Гурвансайхан ангийнхантайгаа авхуулсан ганц л зураг байдаг юм. Тэр зургаас татаж, цагдаагийнхан эрэн сурвалжилж байгаа талаарх мэдээлэл тухайн үед өгч байсан. Манай төвийн захирал, Гавьяат багш Ж.Дүгэр бүх хүмүүсээ дуудаж цагдаа, аврагчид, цэргийн алба хаагчидтай хамт ойг самнуулаад олоогүй. Цагдаагийнхан ч манай нэг багшид хэрэг үүсгэн шалгаж байлаа.
Хэрэв тухайн үед Г.Гурвансайханыг баавгай, чоно барьж идсэн бол хувцасных нь тасархай, өрөөсөн гутал ч болтугай олдох байсан болов уу. Хүн л авч явсан байх. Тэгээд л өдий болтол түүнийгээ нуусаар яваа болов уу гэж боддог юм. Дөрвөн нас хүрч байгаа хүүхэд ихэр дүүтэй гэдгээ ой санамжиндаа үлдээсэн л баймаар. Яагаад өдий болтол сураг нь гарахгүй байна вэ. Би түүнийг олдоно л гэж итгэсээр өдий хүрсэн. Багш нар минь үзэж хардаг хүмүүст хандахад “Амьд байна, олдоно” л гэж мэргэлдэг байв.
-Ах нь алга болох үед Г.Гурванхангай цуг явж байсан гэдэг. Ихрүүд ямар нэг байдлаар холбоотой байдаг ч гэлцдэг. Дүүд нь янз бүрийн юм мэдрэгддэг байсан болов уу?
-Тэр үед зусланд байсан хүүхдүүд гишүү түүхээр ойн зах руу очиход манай хоёр дагаж явсан юм билээ. Тэгээд Г.Гурвансайхан ой руу орж, Г.Гурванхангай захад нь зам дээр уйлаад үлдсэн гэсэн. Тэгээд л ах нь олдоогүй. Хангай маань тухайн үед ч, дараа жилүүдэд нь ч өглөө, оройдоо ой руу хараад санаа алдаж, “Ах аа, ах аа” гэж дуудаад байдаг байсан. Үе үе хоол ундаа идэхээ больж санааширна. Тоглож байхад нь хаалга дуугармагц ухасхийгээд л босно. Ахыгаа л орж ирж байна уу гэж хардаг бололтой.
-Тухайн үед ихрүүдийг бүтэн өнчин гэж мэдээлж байсан. Тэгтэл ээж нь байдаг гэсэн мэдээлэл бидэнд ирлээ.
-Сүүлд ээж нь гарч ирсэн шүү дээ. Бид ч анхандаа эцэг, эхгүй гэж бүртгэсэн байсан. Гэтэл ээж нь нэг байгууллагад цэвэрлэгчээр ажилладаг болох нь тогтоогдсон. Манай Хүүхэд асран хүмүүжүүлэх төв нэг арга хэмжээ зохион байгуулж, эцэг эхийг нь судалж байж олсон юм. Иймэрхүү тохиолдол манай төвд олон.
-Ойр орчимд нь айлууд цөөнгүй байсан. Сүүлийн үед бүр ч олон айлтай болсон байна лээ. Ойр орчмынх нь айлын хүмүүс аваад өөр тийш нь аваад явсан байх магадлал бий юү?
-Зуслангийн ойролцоо айл байсан. Тэдгээр айлаар цагдаагийнхан орж шалгаад олж чадаагүй. Би ч бас ойр орчмоос, эсвэл тухайн газар явж байсан морьтой, машинтай хүн аваад явсан болов уу гэж боддог л юм.
Танай сонин 14 жилийн өмнөх явдлыг сөхөж, ихрүүдийн нэгийг олж нөгөөтэй нь уулзуулахаар зорьж сурвалжилга бэлтгэж байгаад баяртай байна. Сонин, сайт, зурагтаар Г.Гурванхангайг минь хараад ихрийн өрөөснийг нь олоод өгөх хүн гараад ирж ч магадгүй. Хаана байгаа сургийг нь хэлээд өгөх ч юм билүү.
Г.ГУРВАНХАНГАЙ: САЙХАНАА АХТАЙГАА ХАМТ Л ЭЭЖ ДЭЭРЭЭ ОЧМООР БАЙНА
Үртэй болохыг мөрөөдсөн ч хүсэл нь биелэхгүй байсан хүмүүс ойд төөрөөд явж байсан хүүг “бурхны бэлэг” хэмээн аваад явсан байхыг үгүйсгэхгүй. Тэр хүмүүс тухайн үедээ хүүхэд хулгайлсан гэх хэрэгт холбогдож ял шийтгүүлэхээс айгаад өдий хүртэл дуугүй явж, нөгөө хүүгийн овог нэрийг ч сольж, өөрсдийн төрүүлсэн хүүхэд хэмээн ой ухаанд нь шингээн, юугаар ч дутаалгүй өсгөж эрийн цээнд хүргэсэн байхыг өдгөө хэн ч буруутгахгүй нь лавтай.
Хуулийн дагуу энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа ч дууссан. Тийм учраас олон жил ахыгаа хайн сэтгэл нь сэмэрч суугаа Г.Гурванхангайг ихэртэй нь уулзуулж, амьд мэндийг нь мэдэлцүүлбэл том буян болох биз ээ. Бид ч 14 жилийн өмнө сураггүй болсон Г.Гурвансайхан хаа нэг газар амьдарч байгаа бол ихэр дүүтэйгээ, ээжтэйгээ уулзаасай хэмээн хүсэж, “Өнөр бүл” төвд хүмүүжиж буй Г.Гурванхангайтай уулзлаа.
-Ихрүүд бие биетэйгээ ямар нэг байдлаар холбоотой байдаг гэдэг. Чамд ямар нэг зүйл мэдрэгддэг биз дээ?
-Ахыгаа би дандаа санаж, үргэлж төсөөлдөг. Зүүдэнд ч хааяа орж ирдэг юм. Ахыг минь хүн л аваад явсан байх гэж боддог. Амьд гэдэгт нь итгэлтэй байгаа. Түүнийг Сайханаа ах гэж хүндэлж дууддаг байсан. Сэтгэл санаа тавгүйрхэх, хичээлдээ тааруухан дүн авах үедээ ихрээ байнга санадаг.
Ах бид хоёр дуулах их дуртай. Бас ботинк л өмсдөг хүүхдүүд байсан. Бусад хүүхэд ангидаа зурагтаар хүүхэлдэйн кино үзэж байхад бид хоёр дуулах л сонирхолтой, дуу хөгжим л үздэг байж билээ.
-Ахыгаа яг хаанаас алга болсныг нь чи санадаг уу?
-Тухайн үед ангиасаа хоёулаа гараад гишүү түүхээр явсан ах нарын хойноос дагасан санагддаг юм. Ах уулын дээшээ өгсөөд, би доор зам дээр үлдсэн. Бид хоёрыг алга болсныг багш нар хожуу мэдсэн гэнэ билээ. Нэг ламынх энүүхэн урд байдаг байсан юм. Би ахыг хүлээн уйлж байснаа тэр ламын байшингийн дээвэр дээр гараад уйлаад сууж байхад багш нар олсон.
Биднийг эцэг, эхгүй гэж мэддэг байсан хүн л ахыг минь авсан болов уу гэж боддог юм.
-Найз нөхөд, багш, танилууд чинь чиний ихэр байх магадлалтай хүнтэй таарч байсан гэдэг ч юм уу, сургийг нь гаргаж байсан уу?
-Хэдэн жилийн өмнө “Авьяаслаг монголчууд” гэдэг шоу нэвтрүүлэг телевизийн гурван суваг хамтарч хийж байсан юм билээ. Би түүнд оролцож байсан л даа. Тэр үед надтай яг адилхан хүүхэд нэг аймгаас оролцож байсан гэж багш нар ярьдаг байсан. Тэр тэмцээнд би гоцлол дууны төрөлд амжилттай оролцоод сэтгэл догдлоод тухайн үед анзааралгүй өнгөрсөн. Багш нарын маань нэг тэр хүүхдийн утсыг нь авсан ч сүүлд нь олохоо больсон гэж байсан. Тэгээд тэр хүүхэдтэй холбогдож чадаагүй.
Бас манай асран хүмүүжүүлэх төвийн сантехникч ах “Чиний ихэр Төв аймагт сураг нь гарсан” гэж хэлж байсан юм.
-Ахынхаа сургийг гаргахаар чамайг шаргуу хөөцөлдөж байгаа гэж багш нар чинь хэлсэн.
-Тийм ээ. Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан. Эх нялхас руу очиж, хэзээ, яаж төрсөн тухай бичиг баримтаа авлаа. Гурван ихрийн сувилал гэж нэрлэдэг Нялхсын клиник сувиллаас бид хоёр өнөөгийн “Өнөр бүл” төвд шилжсэн юм билээ.
Уг нь телевизийн нэг сувгийнхан миний амьдралаар нэвтрүүлэг хийж үзэгчдэд хүргэж, ихрийг минь хайна гэж байсан ч өдий болтол гаргаагүй ээ.
-Ээж чинь байдгийг танай багш нараас сонссон.
-Ээж минь ШУТИС-ийн оюутны дотуур байранд үйлчлэгч хийдэг. Манай багш нар бүтэн өнчин хүүхдийн судалгаа авч байгаад миний ээжийн талаарх мэдээллийг иргэний бүртгэлийн байгууллагаас гаргуулж авсан юм билээ. Тэгээд ээжтэйгээ уулзсан. Одоо утсаар ярьдаг юм. Сайханаа ах бид хоёр дээрээ хоёр ах, нэг эгчтэй юм билээ. Том ах Өнөболд маань ээжтэй байдаг.
Нөгөө хоёр нь “Бадамлянхуа” асрамжийн газар амьдардаг байсан. Ээжийн минь амьдрал сайнгүй, дээрээс нь Сайханаа ах бид хоёрыг төрүүлэхдээ хүндрэлтэй амаржсан учраас Гурван ихрийн сувилалд шилжүүлсэн юм билээ. Ээжийг минь Эх нялхаст хүнд байхад нь Сүхбат, Одгэрэл гэж ах эгч хоёр асарч тойлж байсан гэсэн. Тэр хоёртоо баярлаж явдгаа илэрхийлье. Ихэр ах маань олдоогүй учраас ээж рүүгээ очиж чаддаггүй юм. Ахыгаа олдвол ээж дээрээ хамт очих сон гээд л хайсаар байна. Амьд гэдэгт маш их итгэлтэй байгаа.
1999 оны наймдугаар сарын 12-нд төрсөн, эрэгтэй Гэрэлмаагийн Гурвансайханыг дүү нь ч, “Өнөр бүл” төвийн үе үеийн багш нар ч хайж, хэзээ нэгэн цагт учрах өдөр бий хэмээн итгэсээр сууна.
Эх сурвалж: