Ургамлын гаралтай хүнсэнд агуулагддаг нийлмэл нүүрс ус болох эслэг нь ургамлын биед боловсорч шимэгддэггүй хэсэг нь юм. Үүнийг англиар fiber, оросоор клетчатка, бас ширхэглэг хүнс ч (пищевые волокна) гэж нэрлэдэг. Эслэг нь үр тариа, буурцагт ургамлын хальс, хүнсний ногоо, жимсний цул хэсэгт ихээр агуулагдаг байна.
Эслэг нь өтгөн ялгаралтыг нэмэгдүүлснээр ходоод гэдэсний замаас хортой бүтээгдэхүүнийг богино хугацаанд гадагшлуулж цэвэршүүлэх нөлөөтэй. Мөн гэдэсний ханан дахь цусны судаснаас шингэнийг татан авч өтгөнийг шингэрүүлж хатахаас сэргийлдэг байна.
Эслэг нь үндсэн шимт бодисууд, ялангуяа өөх тосны шимэгдэлтийг бууруулах замаар цусан дахь өөх тосны /холестериныг/түвшинг багасгаж улмаар зүрх судасны өвчин, тархины цус харвалтаас, цаашилбал зарим хорт хавдраас сэргийлэхэд тустай. Эслэг ихтэй хүнс нь илчлэг багатай байдаг учир биеийн жинг хэвийн хэмжээнд барих, жин хасах, зорилгоор хэрэглэхэд тохиромжтой ажээ.
Эслэгийг хоолныхоо дэглэмд хангалттай хэмжээгээр хэрэглэх нь эрүүл мэндэд тустай.
– Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулснаар бүдүүн гэдсэнд агуулагддаг хорт нэгдлүүдийг цэвэрлэж гадагшлуулна. Ингэснээр бүдүүн гэдэсний хорт хавдраас урьдчилан сэргийлдэг.
– Ходоод, гэдсэнд орсон хоолыг хөөлгөж арвин болгосноор цадсан мэдрэмж эрт үүсгэж хэт их идэх дуршлыг бууруулж таргалалтаас урьдчилан сэргийлнэ.
– Эслэг нь өөх тосны шимэгдэлтийг бууруулж цусан дахь тос, холестриныг багасгаснаар зүрх судасны өвчин болон тархинд цус харвах эрсдлийг бууруулна.
– Гэдэсний ханын цусны судаснаас шингэнийг татаж өтгөн ялгадсыг шингэрүүлж өтгөн хатах болон шамбарам үүсэхээс сэргийлнэ.
– Цөс хөөнө.
– Гэдэсний ашигтай нянгийн өсөлтийг дэмжинэ.
– Эслэг ихтэй хүнс нь илчлэг чанар багатай байдаг тул биеийн жингээ тогтмол барих зорилгоор хэрэглэхэд нэн тустай.
Эслэг агуулсан хүнсний бүтээгдэхүүн
– Үйлдвэрийн аргаар өндөр цэвэршүүлсэн бүтээгдэхүүнийг (дээд гурил, энгийн саахар) хэрэглэхээс татгалзаж бүтэн үрт үр тариа, буурцагт ургамал, хар талх, гурвалжин будаа, шар будаа, хөц будааг түлхүү хэрэглэх
– Арвайн гурил, хэвэг, хөх тарианы гурилаар хийсэн бүтээгдэхүүнийг өдөр бүр тогтмол хэрэглэх
– Байцаа зэрэг эслэгээр баялаг олон төрлийн ногоон навчит ногоог тогтмол хэрэглэх.
– Вандуй, шош, буурцгийн төрлийн бүтээгдэхүүнүүдийг бүх төрлийн хоолондоо нэмж байх.
– Боломжтой бол бүх хоолныхоо хажуугаар алим, гадил, жүрж, лийр болон бусад жимс, жимсгэнүүдийг нэмж хэрэглэж занших