Фэйсбүүк группүүд цагаачдыг хууль бусаар хил давахад тусладаг Олон нийтийн сүлжээг сайн, муу янз бүрээр ашиглах болсон. Даяарчлагдаж буй дэлхийд сошиал сүлжээ хурдацтай тархаж буйн эерэг, сөрөг тал мэдрэгддэг болоод удаж буй.
Тухайлбал Фэйсбүүк сүлжээнд цагаачдыг хууль бусаар хил давуулах үйл ажиллагааг зохион байгуулдаг 800 гаруй групп бий гэсэн судалгаа гарсан байна. Эдгээр группүүд цагаачдыг өөрсдийн усан онгоцоор газар дундын тэнгис гатлахад тусалж, Европ руу гарган хэрэгтэй бичиг баримтаар хангах үйлчилгээ үзүүлдэг гэнэ.
“Уг группуудыг олж, үйл ажиллагааг нь хаах боломж, бололцоо фэйсбүүкийнхэнд бүрэн бий. Гэсэн хэдий ч тэд үүнийг хийхийг хүсэхгүй байгаад хамгийн гол учир нь байгаа юм. Хүмүүсийг хууль бусаар хил нэвтрүүлэх үйл ажиллагаатай холбоотой ямар ч пост, хуудас, групп фэйсбүүкт байх ёсгүй” хэмээн Их Британийн Үндэсний гэмт хэрэгтэй тэмцэх албаны дарга Том Даудалл хэлсэн байна.
Тодорхой хэмжээний төлбөртэйгээр хийдэг уг хууль бус цагаачлалын эсрэг талд амь эрсдэх, гэр бүлийнхнээсээ хагацах, хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр зорьж буй, улс оронд нь дайн самуунтай, өлсгөлөн, өвчин нүүрлэсэн хүмүүс байгаа гэдгийг мартах аргагүй юм.
Хууль бус цагаачлалыг ийнхүү өөгшүүлж буйг европын улсууд төдийгүй НҮБ-аас ч таатай хүлээн авдаггүй. Хууль бусаар тэнгис далайг гатлан зорьсондоо хүрч амьд мэнд гардаг хүн цөөнгүй ч амиа алдаж буй хүмүүс ч олон бий. Энэ жилд гэхэд газар дундын тэнгисийг хууль бусаар гатлах замдаа амь эрсдсэн цагаачдын тоо 1500-д хүрсэн гэдгийг НҮБ-ын судалгаа харуулжээ. Ийнхүү золгүй байдлаар амиа алдагсдын дотор хүүхдүүд байгаа гэдгийг ч мартах аргагүй юм.