Ногоон цайны гайхамшигт шинж чанарыг дорно дахинд эрт дээр үеэс үлэмж ихээр үнэлж ирсэн түүхтэй. Өнөө үед ч цайг дээдлэх энэхүү үзэл үнэ цэнээ алдаагүй хэвээр байна.
Бээжингийн их сургуулийн эрдэмтэд компьютерээс ялгарах цацрагийн хорт нөлөөг бууруулах арга олжээ. Олон жил судалсны дүнд биед шингэсэн хүнд элементийг гарган зайлуулах үйлчилгээ ногоон цайнд байдаг болохыг олж тогтоосон байна. Эрдэмтдийн хэлж байгаагаар хортой цацраг ялгаруулдаг цахилгаан хэрэгслээс хамгаалахын тулд өдөрт хоёр аяга өтгөн ногоон цай уух хэрэгтэй гэнэ.
Үл исэлдүүлэгч чанар нь С амин дэмээс 100 дахин, Е амин дэмээс 25 дахин хүчтэй байдаг тул цацраг туяанаас найдвартай хамгаалдаг аж. Мөн найрлаганд нь байдаг “танин” хэмээх бодис хортой, хүнд элементүүдийг бие махбодиос шахан гаргадаг байна.
Гэхдээ их хэмжээний болон удаан хугацаанд хуримтлагдсан цацрагийг ногоон цай эмчилж дийлэхгүй. Тиймээс өдөр компьютерийн ард суудаг бол өдөрт 400 мл-ийг тогтмол уух шаардлагатай аж. Ногоон цай нь цацрагийн хороос бие махбодийг цэвэрлэхээс гадна цусны эргэлт, бодисын солилцоог сайжруулж, судасны эсийн давхаргыг нөхөн сэргээдэг. Шингэвтэр ногоон цай даралт бууруулдаг бол өтгөн хандтай, ялангуяа, элсэн чихэртэй нь ихэсгэдэг байна.Энэ цай нь хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй, цусан дахь сахарын түвшинг зохицуулдаг учир чихрийн шижинтэй хүмүүст тустай болох нь судалгаагаар тогтоогдсон юм.
Амин дэм ихээр агуулдаг тул нарийн судсан дахь цусны эргэлтийг сайжруулдаг. Тиймээс улайж, өвдсөн үед энэ цайгаар нүдээ угаахад үрэвслийг богино хугацаанд дардаг байна. Ногоон цайны ач тус үүгээр дуусахгүй бөгөөд гоо сайханд ч сайн нөлөө үзүүлдэг. Арьсны нүх тэлж хөлс ялгаруулалтыг нэмэгдүүлдэг тул арьсыг гүнээс нь цэвэрлэж өгдөг. Мөн мэдрэмтгий арьсыг тайвшруулж, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг байна. Үүнээс гадна дотор муухайрах үед зовиурыг намдааж, ходоодны үйл ажиллагааг сайжруулдаг аж. Харин хэт өтгөн хандалж уувал зүрхний хэм алдагдуулж болзошгүй гэнэ.