ХХААХҮЯ-наас Монгол Улсын хэмжээнд нийт мал сүргээ угааж, эрүүлжүүлэх аян эхлүүлжээ. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль 2018 оны зургаадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн дагуу Засгийн газар ХХААХҮЯ-наас 66 сая толгой малаа угаах аян өрнүүлж, энэ ажлаа зүүн аймгуудаас эхлүүлсэн байна.
“Социализмын үед хийж байгаад мартагдсан энэ ажлыг сэргээснээр малыг хачиг, хувалз, маажуур хамуунаас сэргийлнэ” хэмээн малчид талархалтай хандаж байна. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг “Бүх малаа угааснаар малын ашиг шим нэмэгдэнэ. Манай нийт малын 70 хувь арьс ширний өвчлөлтэй байгаа, жил болгон угаалгад хамрагдсанаар өвчлөл 100 хувь арилна гэсэн тооцоотой байна.
66.2 сая малаа угаах ажил зүүн аймгуудаас эхэлж байна. Малчид их талархалтай хүлээн авч байна” гэж ярилаа. Мал угаах төхөөрөмжийг ДЭМБ-аас гаргасан стандартын дагуу Монголын нөхцөлд тохируулж, монгол инженерүүдийн бүтээжээ. Уг төхөөрөмжөө малчны хотонд аваачин малыг угаагаад, усыг цэвэршүүлэн дахин дахин ашиглах боломжтой юм байна.