Дэлхий даяараа хүүхдийг хөхөөр хооллох талаар ярьж, уриалах болсон энэ цаг үед бидний сайн мэдэх Холливудын одод, мөн алдартай загвар өмсөгчид ч бас өөрсдийн “baby”-гээ хөхөөрөө хооллохыг илүүд үзэх болжээ. Олны танил ээжүүд зүгээр нэг хүүхдээ хөхөөрөө хооллоод зогсохгүй үүнийгээ олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, сошиалаар сурталчлах болсныг эрүүл мэндийн салбарынхан ихэд сайшаан хүлээн авч байна.
Жүжигчин Лив Тайлер өөрийн инстаграм хуудсандаа “Хэдийгээр амралтын өдөр ч гэсэн би нойрмоглож унталгүй өглөө эртлэн босоод хайртай бяцхан охиндоо мөөмийг нь идүүллээ. Үгээр илэрхийлэхийн аргагүй тийм сайхан мэдрэмж байлаа. Мөөмөө амтархан идэж байгаа охинд минь ч гэсэн ялгаагүй тааламжтай сайхан байсан нь дамжиггүй” хэмээн бичсэнийг хэдэн сая хүн дэмжиж, лайк даржээ.
Тэгвэл жүжигчин Мила Куниз “Олон нийтийн газар хүүхэддээ мөөмөө идүүлж байгаа ээж хүнийг зарим нэг нь олны нүдэн дээр хамаг юмаа ил гаргаад хэмээн шүүмжилж, буруушаадаг нь хоцрогдсон, бүдүүлэг ойлголт юм. Энэ хоцрогдсон ойлголтоос болоод эхчүүд маань хүссэн цагтаа хүссэн газартаа хүүхдээ хөхүүлж чаддаггүй.
Тэгвэл одоо энэ хуучинсаг үзлээсээ америкчууд бид салах цаг нь болсон. Би эх хүн. Тиймээс би юунаас ч ичиж зоволгүйгээр өөрийн нялх хүүхдээ хүссэн цагтаа хооллох л болно” хэмээн өөрийн цахим хуудсандаа бичсэн нь олон хүний дургүйцлийг төрүүлж, мөн олон сая хүний дэмжлэгийг хүлээгээд байна. Азиуд, тэр дундаа монголчууд биднээс тэс өөр соёл, хүмүүжилтэй америкчууд эмэгтэй хүн олны нүдэн дээр хүүхдээ хөхүүлэхэд тун чиг дурамжхан байдаг аж.
Тэгвэл энэ хуучинсаг ойлголтыг эвдэхийн тулд өнгөрсөн сард болсон загварын шоуны үеэр загвар өмсөгч Мара Мартин таван сартай хүүхдээ хөхүүлэнгээ тайзан дээр гарч ирсэн нь олон хүний талархал, дургүйцэл хоёрыг зэрэг хүлээсэн юм. Хүүхдээ хөхөөрөө хооллохыг дэмжигч моделиудын тоо үүгээр дууссангүй. Викторияс Секретийн алдартай сахиусан тэнгэрүүд болох Даутцен Криз, Кандиз Свэйнпүүл нар мөн л инстаграм хуудсандаа хүүхдээ хөхүүлж байгаа зургуудаа оруулж, олон сая хүний лайк цуглуулаад байна. Даутцен Криз “Зарим эмэгтэйчүүд хөхөөрөө хүүхдээ хооллох боломжгүй байдагт би их харамсаж явдаг.
Үүнд тухайн эмэгтэйн эрүүл мэндийн нөхцөл байдлаас гадна нийгмийн хүчин зүйлүүд ихээр нөлөөлж байна” хэмээн бичсэн бол дуучин Адель “Бидний сошиалдаа оруулсан хүүхдээ хөхүүлж буй зургуудыг хэт задгай, илэн далангүй хэмээн шүүмжилж байгаа хүмүүс бол хоцрогдсон хуучинсаг үзэлтнүүд юм. Эхчүүд бид тийм тэнэг хүмүүсээс болж шантарч няцна гэж байхгүй шүү” хэмээн жиргэжээ.
Ийнхүү олны танил ээжүүд хөхний сүүний ач холбогдлыг сурталчлахын зэрэгцээ эмэгтэй хүнийг дорд үзэж, сексийн дур тачаалтай холбон тайлбарладаг хэт хуучинсаг үзэлтнүүдийн эсрэг тэмцэлд нэгдлээ. Тэд олон нийтийн дундахь хуучны хоцрогдсон ойлголтыг эвдэж, эх хүний үнэлэмж, үнэ цэнийг өсгөхийг хүсч байна.
Эх сурвалж: “Тусгал” мэргэжлийн цахим сонин