Энэ сарын 04-ний өдөр нийслэлийн Хан-Уул дүүрэгт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжиг илэрчээ. Тодруулбал, 8 настай “Х” нь тарваганы түүхий давсаг хоёр ширхэгийг залгисан, 38-39 хэм хүрч халуурсан, хүзүүний хоёр булчирхай томорсон гэсэн зовиуртайгаар эмнэлэгт хандсан байна.
Үүний дагуу ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн хамтарсан баг ажиллаж шуурхай хариу арга хэмжээ зохион байгуулан эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийж, эмнэлзүй, лабораториор онош үгүйсгэгджээ. Хэдийгээр энэ удаагийн тохиолдол онош үгүйсгэгдсэн ч тарваганы түүхий эд эрхтэнг эмчилгээний зорилгоор ашиглах нь амь насанд аюултайг мэргэжлийн байгууллага хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр сурталчилсаар байтал иргэдийн ухамсар мөчид үйл ажиллагаа, буруу хандлага зогсохгүй байна.
Тухайн тохиолдолд сэжигтэн ээж аавын хамт өрхийн эмнэлэг, Интермед эмнэлэг, ХӨСҮТ-ээр дамжин үйлчлүүлсэн байгаа нь хэрэв өвчилсөн бол хичнээн тооны хүнд халдвар тараах байсныг таах аргагүй бөгөөд түүнээс гарах хор хохирол асар их болохыг харуулж буй юм. Хуулиар тарвага агнахыг 3 жилийн хугацаагаар хорьсон хэдий ч хууль хэрэгжихгүй байгаа, Нийслэлд тарваганы түүхий мах, эд эрхтэн нууцаар орж ирж байгааг энэ тохиолдол илэрхийлж байна. Иймд хууль хяналтын байгууллагууд ард иргэд хамтран ажиллаж аюулт өвчний эрсдэлээс сэргийлэх нь чухал байгааг холбогдох албаныхан онцлов.
1 comment
yamar teneg yum be uhernuud