Монголчууд хорвоогийн хамгийн “тэнэг” хүмүүс чукча нарын тухай онигоо хөөрөлдөн баясах дуртай. Оросуудаас сурсан юм. Бид хэн нэгнийхээ тэнэгийг гайхахдаа яасан чукча шиг нөхөр вэ гэж хэлэх нь энүүхэнд. Эсвэл, бүр муухай нь нэгнийхээ царай төрхийг доромжилж гоочлоход хүрвэл чукчагаар бас дууддаг. Яг л нөгөө “хужаа царайлсан” гэдэг шиг.
Харин сүүлийн үед оросууд мунхаг тэнэгийн жишээг чукча биш, “монголчууд”-аар төлөөлүүлэх болсон гэнэ. Оросын телевизийн хамгийн алдартай цэнгээнт нэвтрүүлэг КВН гэж бий. Энэ нэвтрүүлгийн хошин шог үзүүлбэрүүдийн сонирхолтой сэдэв нь “тэнэг монголчууд”-ыг элэглэх болжээ. Бүр “Монголын шигшээ” гэдэг КВН-ий баг төрж гарсан гэнэ. Энэ баг монголчуудын тэнэглэлийг харуулсан янз бүрийн марзан онигоо, элэглэлээрээ Орос даяар алдаршиж байгаа бололтой.
Монголчууд энэ тухай олж мэдээд жигтэйхэн уурлан бухимдаж сайтуудаар оросуудыг баахан хараасан байна билээ. Гэхдээ бид ингэлээ гээд оросууд онигоо, элэглэлээ зогсоох биш. Гэтэл сүүлийн үед оросуудын элэглэл нээрээ оргүй зүйл биш юм байна гэдэг нь монголчуудаас харагдах болов.
Орост “Зөн билгийн тулаан” гэдэг телевиз шоу цэцэглэж байна. Мэргэ төлөг, зөн билиг, ид шид хуурмаг гэдгийг мэддэг боловч оросууд энэ нэвтрүүлэгт их татагддаг гэнэ. Гол нь уйдаагаа гаргаж, зугаацах гэж л тэр. Бүх юмыг урьдаас төлөвлөсөн энэ шоу далдыг харагч янз бүрийн хүмүүсийг хооронд нь уралдуулж, нэг нь шалгарснаар төгсөх зохиомжтой. Оросууд нэвтрүүлгээ улам зугаатай болгохын тулд сүүлийн үед Монголоос бөө аваачиж оролцуулжээ.
Монголд Оросын телевизийн энэ шоуг алгасахгүй үздэг үзэгчид чамгүй олон бололтой. Энэ нэвтрүүлгийн монгол үзэгчид зөн билэгтнүүдийг нэр ус, хочоор нь андахгүй сайн мэдэх бөгөөд оролцогчдыг нь бөх, морь ярьж байгаа аятай хоорондоо хөөрөлдөх юм билээ.
Шинэ он гарангуут “Их халуун сэтгэл” гэдэг төрийн бус байгууллага “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн 13 дахь тулааны ялагч Дмитрий Волховыг Монголд урьж ирүүлнэ гэсэн содон мэдээ дуулдлаа. Тэр монголчуудад зориулан лекц тавих гэнэ. Волхов “Далдыг харах , зөн билэг гэж юу вэ?”, ”Ардын дом аргаар яаж ажиллах вэ?”, ”Дотоод хүчний орон зайтай болох” сэдвээр лекц уншиж, хүний гэрлэн бүрхүүлийг оношлон, энергийн алдагдлыг тодорхойлж, гадны сөрөг мэдээллийг тайлах аргыг монголчуудад заах ажээ. Мөн, монголчуудын мөнгөний хүрдийг нээж, сөрөг энергийг засч, эрүүл мэнд, энергийн алдагдлыг сэргээх төлөвлөгөөтэй гэнэ.
Волхов олон хүний суудалтай Хүүхдийн ордонд лекцээ айлдах бөгөөд түүний лекцийг сонсохыг хүсэгчид тасалбарын үнэ 30000 төгрөг төлөөд орох юм байна. Хачирхалтай нь зөн билэгтэн Волховын лекцийн тасалбар эрэлт ихтэй, ховор юм болоод буй гэнэ.
Волхов гэгч орос эр зохиомжит орос шоунд жинхэнээсээ итгэсэн хөөрхий монголчуудын мөнгийг шуудайлж өгөх нь ээ. Лекцийнхээ дараа Волхов мөнгөө халааслаад гэртээ харина. Монголчуудын тухай ярих юм ихтэй буцах байх даа. Харин хөөрхий муу монголчуудад юу үлдэх вэ? 21 дүгээр зууны монголчууд далдыг харж, мөнгөөр бороо оруулах шид сурна гэдэгт итгэсээр байгаа бололтой.
Оросууд чукча нарыг монголчуудаар орлуулсан нь ёстой нүдээ олсон хэрэг! Тэд тэнэг монголчуудын тухай элдэв онигоо зохион зугаацах төдийгүй тэнэгүүдийн оронд очиж халаасаа түнтийлгээд буцаж ирдэг болжээ.
Аагий
1 comment
Мөнгө олохын тулд Волховыг урина,УлаанҮд-д зугаалуулна гэж олныг мэхэлж байгаа хүмүүст эрүүгийн хуулийн зүйл ангийг нь оногдуулж,таслан зогсоох саналтай