Наадам хаяанд ирсэн өдрүүдэд уяачид морьдоо шинжин үүр цайлгаж сурын талбайд уухайн дуу хадаан эрхий мэргэчүүл нумаа татан сумаа тавьж, хүчит бөхчүүд эр бяраа нэмэхээр бэлтгэлээ базааж байна. Бөхчүүд наадмаас наадмын хооронд дүүрэн бэлтгэлтэй байх болсон цаг.
Харин наадам ойртоход тэд гал галаараа байгалийн сайхан, усны тунгалгийг бараадан гарч сэргэлт авдаг. Наадмын дэнжид хэнтэй хэрхэн барилдахаа төлөвлөж арга мэхээ давтаж байдгийм. Тэгвэл өчигдөр, уржигдраас бөхийн галууд сорилго барилдаанаа хийж хэнийхээ бэлтгэл ханаж, бяр тэнхээ нь торгон ир дээрээ ирснийг шалгаж байна.
Сүүж уулын амралтыг түшиж Хүч спорт хорооныхон тэргүүтэй Баянхонгорын “Хонгор нутаг” дэвжээ болон Завхан, Хөвсгөл, Ховд аймгийн бөхийн галууд айлсан буудаг нь уламжлал болсон юм. Энэ жил ч тэгж л айл саахалтаараа бууж. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ. -Сүүж уул бөхийн цог хийморьт өгөөжтэй сайхан нутаг. Би энэ уулын нөмөр, нөөлөгт 20 гаруй жил наадмын бэлтгэлд гарч эр биеэ чангалснаар улсынхаа их баяр наадамд 12 удаа түрүүлж хосгүй амжилтын эзэн болсон хүн.
Иймээс энэ хайрхан ууланд сүжиглэж явдаг даа” гэсэн юм. Тэгвэл сүүлийн 20 гаруй жил энд бэлтгэлд гарсан бөхчүүдээс 10 гаруй хүн баяр наадмын түрүү авсан байдаг. Улс, аймгийн цол хүртсэн бөх гэвэл тоолж барамгүй олон.
Эндхийн галууд нэгдэж уржигдар наадмын сорилго барилдаанаа хийлээ. Улсын заан Ч.Мягмарсүрэн, улсын харцага Д.Амартүвшин, улсын начин Д.Лхагвасүрэн, Н.Бүрэнбаатар нарын оролцоотой 60-аад бөх уг сорилгод хүч үзэв. Тэднээс Баянхонгор аймгийн хурц арслан Н.Золбоо түрүүлсэн нь олон түмэн энэ жил улсын цолд хүрэх бөхийн нэг гэж хэлээд байгааг баталсан юм санагдав.
Тэгвэл Ховд аймгийн харьяат, улсын начин Ц.Цогбаяр бярлахсаар байгаад үзүүрлэсэн бол аймгийн хурц арслан Ж.Эрдэнэхүү, аймгийн арслан Н.Пүрэвдорж нар дөрөвт үлдэв. Санаснаас цөөн бөх зодоглолоо. Бас улсын наадмаар аварга, арслангуудын толгой дээр цахиур хагалах бөхчүүд улсын харцага Б.Бат-Өлзий, О.Хангай нар зодоглосонгүй үзэгчээр сууж байх юм.
Бас Завханы аймгийн арслан Т.Бэгзсүрэн энэ жил бүх цэргийн наадмын түрүү бөх, цэргийн арслан Г.Жамбалдорж нарын зөндөө л бөх үзэгчдийн суудалд харагдана лээ. Тэднийг яагаад барилдахгүй байгаа юм бол гэхэд бөхийн зүтгэлтэн нэгэн “Хүн хүний бодол өөр болсон цаг юм даа. Барилдаж биш бэлтгэлээ базаадаг шинэ төрх бий болсон шиг байна.
Залуучууд чинь бие чангалах талын бэлтгэлд тун хойрго байх болж. Заримд нь юм хэлээд ч нэмэр алга. Өөдөөс цаг өөр болсон гэх маягийн юм хэлээд уураг ууж хэвтсэн “амьтас” байх юм. Сорилго барилдаанд зодоглохгүй нь болж л байгаа хэрэг юмсан уу. Мэдэхгүй ээ” гэж байна лээ.
Тэгвэл Өвөрхангайн “Их Монголын хүчтэн дэвжээнийхэн сүүлийн 20 гаруй жилийн уламжлалаа дагаад Бугын САА-байсан тэр ариун дагшин нутагт галаа асааж 20 гаруй хоног бэлтгэлээ базаасан байна. Бөхчүүддээ дасал болсон газар болоод тэр үү, өмнөх жилүүдэд эдний галаас улсын цолтон олон төрсөн болохоор наадмын өгөөжтэй газар гэдэг юм билээ.
Сорилго барилдаанаа Монгол Улсын начин, гавьяат дасгалжуулагч Д.Дашжамцын нэрэмжит болгон зохион байгуулсан нь энэ галын хувьд бас билгэдэл байсан болов уу. Наадмын сорилго буюу 20 гаруй хоногийн бэлтгэлийн үр дүнгээ харах барилдаанд 80-аад бөх зодоглов. Бөхчүүдийн бэлтгэл таарсан янз ажиглагдаж бүгд л өнгө сайтай байсан гэж болох.
Тэднээс аймгийн хурц арслан Н.Золбоо аймгийн арслан Ж.Наранбаатар, аймгийн харцага Ө.Батзул нар арай дөнгүүр бэлтгэлтэй нь ил, бөх сонирхогчдын яриад байгаагаар улсын цолонд ойрхон байна уу даа гэхээр л. Энд нэг содон хүн гэвэл Монгол Улсын Ардын багш, гавьяат дасгалжуулагч Ч.Дамдиншарав. Хэдийгээр тэр “Их Монголын хүчтэн” дэвжээний бөхчүүдэд зөвлөх дасгалжуулагч гэх ч тэр орчинд хаяа дэрлэн байх галуудын бөхчүүд “Даймаа багшаа” хэмээн ирж заавар зөвлөгөө байнга авдаг юм билээ.
Түүнээс бөхчүүдийн бэлтгэл ямархуу байнав гэхэд “Сайн байна. Сүүлийн үеийн бөхчүүд чөлөөт, жүдог хослуулах болсноор мэхийн хувилбар өөр болж чамбайрч байна. Миний ч хэлдэг юм тэр л дээ. Чи зөвхөн үндэсний бөхөөр барилдаж байна гэж битгий бод.
Учраа бөхөө сайн судла. Тэгээд мэхээ хий. Нэгийг хийгээд боломгүй бол угсраа мэх чухал” гэв. Бугын САА орчимд үнэхээр бөхийн даллагатай газар юм. Энэ жил гэхэд тав, зургаан дэвжээний 140-өөд бөх бэлтгэлээ базааж байгаагийн тал илүү хувь нь аймаг, цэрэг, сумын цолтнууд аж. Өвөрханайн бөхчүүдийн ерөнхий дасгалжуулагч нь улсын хүчит арслан Б.Ганбаатар.
Тэрээр “Энэ жил гайгүй хэдэн залуучуудыг наадмаар харна даа. Улсын наадамд хоёр ч удаа дөрөв давсан аймгийн арслан Ж.Наранбаатарыгаа юм дуулгах байх гэж горьдож сууна. Бас бус бөхчүүд бий. Тэр болгоныг нэрлээд яахав” гэсэн юм. Бид Цонжин Болдгийг арлан орших “Хайрын билэг” нэртэй амралтын газарт бэлтгэлээ базааж буй Сүхбаатар аймгийн “Жавхлант” дэвжээний бөхийн гал дээр очлоо. Энэ гал 40 гаруй бөхтэй. Голдуу аймаг сумын цолтнууд аж.
Галыг аймгийн арслан Баярхүү ахладаг, Ардын багш, улсын харцага Ч.Өвгөнхүү зөвлөх нь юм. Ч.Өвгөнхүү харцагатай уулзаж наадмын өмнөх сэтгэгдлийг нь сонслоо. -Яахав мэдэх чадахынхаа хэрээр залуучуудад юм хэлж өгч л байна. Үг авах ч хүн байна. Авахгүй нь ч байх л юм. Одоо бөхчүүдийн бэлтгэл манийн үеийнхээс их өөр болсон. Жаахан чангавтар юм хийлгэх гэвэл хойш суух л янзтай болсон цаг юм даа. Улсын цол горилох бөх олон уу гэхэд.
За яахав. Гайгүй бөх бий. Аймгийн арслан М.Баасанбат, О.Зоригт нарыг аймаг явуулаагүй авч үлдсэн. Тэр өдрийн тэнгэр, оноолт нь яаж таарахнав. Түүнийг нь харна. Ш.Мөнгөнбаатарт маань энэ жилийн наадам л байна даа. Уг нь улсын цолтны дайтай сайн бөх. Даанч дуудах цол л дутаад байгаа юм гэсэн бол энэ жил хэн гэдэг хүчтэн наадамд түрүүлэх талаар та юу бодож байнав гэвэл “Аварга Ч.Санжаадамба, улсын арслан Н.Бүрэнтөгс хоёр л гарцаагүй түрүүлэх эрэмбэтэй бөхчүүд.
Ер нь энэ хоёрыг харна. Ховдын хоёр харцага дээгүүр барилдах байх. Тэр Б.Бат-Өлзий гэж хөл нь газраас огт хөндийрдөггүй хийгүй суурь сайтай, унагахад хэцүү бөх шүү. Түүнийг тогтуун, барьцнаас хэн ч хаяахад амар биш. Харин цэрвүүхэн бужигнуулж барилдсан хүн давчих боломжтой харагддаг. Улсын наадмаар тэрний тэр түрүүлнэ гэж хэлээд онооход бэрх болжээ.
Бас тэр гээд хэлэх зарим бөх допинг гэдэг юмнаас болоод барилдахгүй болохоор хэдийн даваанд хэн хэнтэй таарахыг төсөөлж тооцоолох ч арга алга гэсэн юм. Ердөө улсын их баяр наадам маргааш нөгөөдөр. Энэ өдрүүдэд бөхчүүд галаасаа бууж наадмын дэнж рүү зодог, шуудгаа бүслээд мордлоо. Наадам сайхан болох биз ээ. Бөхчүүд хүчтэй, өнгөтэй байнам.
Д.Надмид
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин