Энэ долоо хоногт хуралдсан Нийслэлийн засаг даргын зөвлөлийн хурлаас нүүрсний оронд сайжруулсан түлш хэрэглүүлэх шийдвэрийг гаргажээ. Хэдийгээр олонх иргэд намар хүйт оронгуут нүүрсээ л түлнэ хэмээн ярьж байгаа ч сайжруулсан түлшийг нийслэл хотын хэмжээнд аль хэдийнэ нөөцлөөд эхэлсэн байна.
Учир нь Засгийн газраас өнгөрсөн хавар баталсан 62 дугаар тогтоолд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд түүхий нүүрсний хэрэглээг хориглохоор зааасан юм. Нүүрсний оронд хэрэглэх сайжруулсан түлшийг нийслэл дундын агуулахад нөөцөлж, улмаар зургаан дүүрэг дэх 390 борлуулах цэгээр дамжуулан иргэдэд хүргэхээр төлөвлөж байгаа аж.
Тусгал.мн хүйтний улиралд нүүрс хэрэглэдэг иргэдээс Засгийн газар болон нийслэлийн удирдлагуудаас гаргасан дээрх шийдвэрийн талаар ямар бодолтой байгааг нь асуусан юм.
Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны оршин суугч Б. Цэрэннадмид:
-Надад тэр шийдвэр энэ тэр нь хамаагүй ээ. Намар сэрүү орохоор нүүрсээ л түлнэ гэж бодож байгаа. Манай Гачуурт тосгон хотоос зайдуу учраас намар 8 сарын сүүл, 9 сарын эхээр гадаа жоохон хүйтрээд эхлэхэд л гэр дорхноо сэрүү орчихдог. Ер нь тэгээд нүүрнээс илүү сайн дулаацуулж чадах илчтэй түлш гэж байдаггүй юм.
Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны оршин суугч Н.Гүндсамбуу: Сайжруулсан түлш нь тийм сайн дулаацуулдаг, илч сайтай, тэгээд дээр нь үнэ ханш боломжийн юм бол хэрэглэж болж л байна.
Манайх жил бүрийн намар Багануурын нүүрсийг бөөнөөр нь худалдаж авдаг. Багануурын нүүрснээс илүү халааж чаддаг тийм сайн түлш юм уу гэж асуумаар байна л даа. Нүүрснээс хямд үнэтэй түлш юм бол худалдаж аваад хэрэглээд үзэж бололгүй яахав.
-Баянгол дүүргийн дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Д.Баярцогт:
Манайх бол байрны айл л даа. Харин хоёр хөгшин маань Зурагтад хашаа байшинд байдаг юм. Намар 9 сард хүйт орохоос эхлээд хавар 5 сар гартал яг илүү ч үгүй дутуу ч үгүй хоёр портер нүүрс хэрэглэдэг. Нүүрснээс илүү сайн халаадаг түлш байдаг юм уу.
Би л мэдэхгүй юм байна. Бас л нэг бизнес хийх арга байлгүй дээ. Хэдэн жилийн өмнө утаагүй зуух гээд баахан зуух тараасан. Бас шахмал түлш гээд янз бүрийн түлш түлж үзсэн. Даанч тэр нь нүүрс шиг сайн халаадаггүй, дулаанаа барьдаггүй түлш байсан шүү дээ. Шууд ингэж ард иргэдээ бодолгүйгээр нүүрс түлэхийг хориглоно энэ тэр гэж болохгүй байх аа.
Тэр тушаал шийдвэрийг гаргаж байгаа дарга нар өөрсдөө дандаа дулаан байранд амьдардаг хүмүүс байгаа биз дээ. Хашаа байшинд, гэрт амьдардаг хүмүүс өвөл яаж шуухан өвөлждөг зовлонг тэр дарга нар өөрсдөө мэдэх юм уу. Би л лав намар хүйтрэхээр аав ээж хоёртоо сурсан дассан нүүрсийг нь авч өгнө гэж бодож байна.
Эх сурвалж: “Тусгал” мэргэжлийн цахим сонин
5 comments
ай мэдэхгүй энэ Дээдсүүдын Сайжруулсан түлш хийж Нүүрс хэрэглээнээс гаргана гэдэг ч дээ ёстой нөгөө Харганы ноос түүж Эсгий хийнэ гэдэг шиг л юм болох вий вий Энэ Өвөл ямарч Өвөл болох юм билээ Сайжруулсан түлшнийхэн Илчлэг чанар ямарч юм билээ ээ мэдэхгүй баахан амьтан хүн осгоож хэл аманд орж Хөгөө чирж гаргасан шийдвэрээ буцаах юм биш биз дээ
ард иргэд нь ийм арчаагүй бодолтой байгаа бол утааны аюул хэзээ ч арилахгүй ээ
Zuvhun uuriiguu l bodoh yum. Busdiin huuhed uursdiinh ni tavisan utaand hordoj uheh ni hamaagui yu
Байхгүй юмыг чинь яаж түлэх юм бэ. Сайжруулсан түлш байхгүй.
Нотлоно доо нотлоно гэдэг шиг тэр шахмал түлшээ үйлдвэрлээд тасралтгүй нүүрснээс хямдаар борлуулахаар тооцож, үнэхээр нүүрснээс дутахааргүй харин ч илүү илчлэгтэй байгааг нь нотлоод өгөл дөө. Тэгвэл шаардсан шаардаагүй иргэд аваад л түлнэ шүү дээ. Гол нь чанар, илчлэг, үнэ л бна. Энэ бүгд амьдрал дээр батлагдаж байвал ямар ч шахалтгүй авна даа.