Манай дэлхийн массаас хоёр дахин их масстай эртний гараг Тэнгэрийн ван гарагийг хальт мөргөж, ойгоод нарны аймгаас гарч явсан байна. Уг үйл явдал 4 тэрбум жил орчмын өмнө болсон гэж тооцоолсон байна.
Үүний үр дүнд Тэнгэрийн вангийн тэнхлэг огцом өөрчлөгдөж, мөргөлтөөс үүссэн хэлтэрхийнүүд тус гарагийн гадарга дээр бүрхүүл үүсгэсэн нь цөмөөс ирэх дулааныг хааж, өнөөдрийнх шиг хөлдүү гараг болгожээ.
Манай нарын аймгийн нэг гараг болох Тэнгэрийн вангийн өвөрмөц цаг уур, тэнхлэгийн хазайлт нь асар том биеттэй мөргөлдсөний үр дүн гэж эрдэмтэд дүгнэжээ. Тэнгэрийн ван гарагийн хажуугаараа эргэдэг тэнхлэг удаан хугацаанд судлаачдын хувьд оньсого байсан юм.
Уг гарагийн эргэлтийн тэнхлэг нь нарны аймгийн бусад гарагуудынхаас сондгой, бараг 90 хэмийн зөрүүтэй байдаг. Мөн гадаргын температур нь маш хүйтэн юм.
Тэнгэрийн ванг мөргөсөн эртний гараг нь хад чулуурхаг бүтэцтэй, мөн мөсөөр хучигдсан байсан бололтой. Судалгааг Британий Дурхэмын их сургуулийн Тооцооллын Сансар Судлалын хүрээлэнд гүйцэтгэжээ. Энэхүү судалгаанд ашигласан компьютер загварчлалын аргыг цаашид нарны аймгийн гадна орших гарагуудын түүхийг судлахад ашиглаж болох ач холбогдолтой гэнэ.