Сангийн яамнаас Дим Сам бондын төлбөрийг 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хийснээ зарласан бөгөөд ингэснээр 2020 он хүртэлх хугацаанд Засгийн газраас төлөгдөх томоохон өр төлбөргүй болж, гадаад өрийн дарамт буурлаа.
Түүнчлэн 2018 оны зургадугаар сарын 27-ны өдөр ОУВС-гийн захирлуудын зөвлөлөөс “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн 4 дэх шатны үнэлгээг баталгаажуулж, Монгол Улсад нэмж 36.91 сая ам.долларын санхүүжилтийг олгохоор болсон.
Тус үнэлгээнд Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлтүүд хүлээлтээс давсан өндөр үзүүлэлттэй байсныг дурдсан. Тухайлбал ОУВС-гийн дэд тэргүүн ноён Тао Чжан мэдэгдэлдээ “Монгол Улсын эдийн засаг эрчимтэй сэргэж, төсвийн тогтортой байдал сайжирч, өрийн дарамт буурч, хөтөлбөр хэрэгжсэн 1 жил гаруйн хугацаанд гадаад валютын албан нөөц 2 дахин өсчээ.
Улмаар бодлогын хэрэгжилт тууштай, гадаад орчин таатай байсны үр дүнд эрх баригчид хөтөлбөрийн хүрээнд 2018 оны 3 дугаар сарын эцэст тавьсан бүх зорилтот тоон үзүүлэлтүүдийг давуулан биелүүлж чадсан” гэжээ. Мөн 2018 оны эхний 5 сарын байдлаар төлбөрийн тэнцэл 201.7 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сараас 248.7 сая ам.доллараар, өмнөх жилийн мөн үеэс 303.1 сая ам.доллараар тус тус сайжирчээ.
Үүнд дэлхийн зах зээл дээрх эрдэс түүхий эдийн үнэ өндөр хэвээр байгаа, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэснээр Монгол Улсад орох гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдсэн, “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд нийт 167.5 сая ам.долларыг Монгол Улсад олгосон зэрэг нь эерэгээр нөлөөлжээ.
Дээрх хөтөлбөрийн хүрээнд 2018 оны 2 дугаар хагаст Монгол Улсад нэмж 272.5 сая ам.долларын санхүүжилт орохоор хүлээгдэж байгаа, цаашид дэлхийн зах зээл дэх түүхий үнийг бууруулах хүчин зүйлс харьцангуй бага байгаа зэргээс үзэхэд төлбөрийн тэнцлийн ашиг 2018 оны эцсийн байдлаар 330.0 сая ам.доллар болж өсөх төсөөлөлтэй байна. Ингэснээр эдийн засгийн өсөлт эрчимжиж, санхүүгийн зах зээл үр ашиг нэмэгдэх юм.
Эх сурвалж: Монголбанк