ОХУ-д болж буй 21 дэх удаагийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Бразилын шигшээ баг тааруухан амжилтыг үзүүлж байгаа ч өнөө шөнө шийдвэрлэх хэсгийн сүүлийн тоглолтоо Сербтэй хийнэ. Бразилын супер од Неймар энэ удаагийн ДАШТ-д ганцхан гоол оруулсан.
Гэхдээ түүний оруулсан гоол хамгийн сүүлчийн минутад орсон гоол хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн. Бразил-Коста-Рикагийн тоглолт зургадугаар сарын 22-д Санкт-Петербург хотын “Крестовский” цэнгэлдэх хүрээлэнд болсон. Тоглолтын үндсэн 90 минутад аль аль нь гоол оруулаагүй бөгөөд шүүгчийн мэдлийн долоон минутад бразилчууд хоёр гоолыг хийсний нэг нь Неймарынх байсан юм.
Түүний энэ гоол тоглолтын цаг (90+7′) дуусахаас 12 секундын өмнө орсноороо хамгийн сүүлийн минут, секундэд орсон гоол хэмээн түүхэнд тэмдэглэгдлээ. Хэдийгээр Неймар нэг гоол хийсэн ч энэхүү рекордоороо хөл бөмбөгийн түүхэнд бичигдлээ. Дөрвөн жилийн өмнө нутагтаа болсон ДАШТ-д бразилчууд дөрөвдүгээр байрт шалгарч байсан юм. Неймар бэртлийн улмаас сүүлийн хоёр тоглолтод оролцоогүй билээ. 21 дэх удаагийн ДАШТ-ий Е хэсгийн сүүлийн тоглолт болох Бразил-Серб, Швейцарь-Коста-Рикагийн тоглолт өнөө шөнө болох хуваарьтай байна.