Нэг нас ч хүрээгүй нярай хүүхэд аман дээр нь хомхой долоосноос болж комонд орж, хүүхдийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хүнд байдалтай эмчлүүлж байна гэсэн мэдээлэл олон хүний сэтгэлийг сэрдхийлгэн өвтгөөд байна.
Уг мэдээллийг сошиал сүлжээгээр анх тараасан хүний бичсэнээр dormant вирус хэмээн нэрлэдэг хомхой долоох өвчин нь бага насны хүүхдийн нүүр, аман дээр хамаагүй үнсэж, үнгэснээс болж халддаг хэмээн бичжээ. Монголын ихэнх ээж, аавууд хомхой долоохыг хүнд өвчинд тооцдоггүй.
Цаашид энэ хандлагаа өөрчлөх ёстой юу гэдэгт асуулт дээрх мэдээлэлтэй холбоотойгоор хөндөгдөж буй юм. Олон хүний анхааралд өртөөд байгаа энэ мэдээллийн мөрөөр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Үндэсний зөвлөх, халдвар судлаач, дэд профессор Г.Сүрэнхандаас дараах тодруулгыг авлаа.
-Сошиал сүлжээнд нярай хүүхэд dormant вирусээр өвчилснөөс болж комонд орсон гэсэн мэдээлэл тархаад байна. Танай эмнэлэгт энэ талаар ямар нэгэн мэдээлэл байгаа юу?
-Хэрэв үнэхээр тийм зүйл болсон бол хамгийн түрүүнд манай эмнэлэгт хандах ёстой. Гэвч манайд албан ёсоор хандсан зүйл одоогоор алга. Тиймээс гадуур тархаад байгаа наад мэдээлэл чинь батлагдаагүй мэдээлэл гэдгийг хэлмээр байна. Албан ёсоор ийм төрлийн вирусыг Herpes вирус гэж анагаах ухаанд нэрлэдэг.
Herpes вирусын шинжилгээг Монголд хоёрхон газар хийдэг. Нэг нь ХӨСҮТ, нөгөө нь “Гялс” төв. Өөр газар хийх боломжгүй. Шинжилгээ хийлгүйгээр Herpes вирус гэж гаднаас нь хараад тодорхойлно гэж байхгүй. Тиймээс үнэхээр сошиалд бичсэн шиг ийм явдал болсон бол өдийд манайд шинжилгээ хийлгэхээр албан ёсоор хандчихсан байх учиртай.
-Herpes вирус гэж ямар учиртай, ямар тохиолдолд энэ вирусээр өвчилдгийг манай уншигчдад тайлбарлаж өгөөч?
-Хүний дархлаа суларснаас болж идэвхждэг вирус. Зөвхөн амнаас гадна бэлэг эрхтэн гэх мэт хүний биеийн аль зөөлөн салсттай хэсэгт гардаг. Herpes вирус гарсан тохиолдолд хамгийн түрүүнд шинжилгээ хийж мөн эсэхийг нь тогтоодог. Жишээ нь аман дээр гарсан тохиолдолд тэр хэсгийнх нь цэврүүг хагалаад шиннжилгээ авдаг. Эмчилгээний хувьд herpes вирусын эсрэг антибиотек гэх мэт сүртэй эмчилгээ хийдэггүй.
Энтеровирусын эсрэг хэрэглэдэг түрхлэг, тос зэргийг хэрэглэж эмчлэхээс гадна дотроосоо дархлаагаа сайжруулах витамин, бэлдмэл, хоол хүнс сайн хэрэглэх хэрэгтэй.
-Таны ярианаас энэ өвчин амь наснаас холуур, айгаад байх өвчин биш юм байна гэж ойлгогдож байна?
-Айгаад байх юм байхгүй ээ. Гэхдээ herpes олон давтамжтай дахиад байвал тийм амар биш л дээ. Мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.
-Herpes вирусыг манайхны нэрлэдгээр хомхой долоох өвчин гэж ойлгож болох уу. Бага насны хүүхдийг хамаагүй үнссэнээс болж гардаг гэж хүмүүс ярьцгааж байна?
-Манайхан тэгж яриад байдаг. Яг ч тийм биш л дээ. Энэ вирус чинь өөрөө дотроо олон төрөлд хуваагддаг. Тухайн хүний дархлаа суларсныг л илтгэж байгаа юм. Гадуур явж байгаа үнэн худал нь мэдэгдэхгүй ярианд тэгтлээ итгэх хэрэггүй гэж хэлмээр байна.
Дэлхийн анагаах ухаанд herpes simplex virus хэмээн бүртгэгдсэн уг вирусыг АНУ-ын эрдэмтэд анх нээн илрүүлжээ. Дотроо HSV-1, HSV-2 гэсэн үндсэн хоёр төрөл зүйлд ангилагддаг аж. Бид хэд хэдэн дүүргийн эмнэлэгтэй холбогдож сошиалд бичсэн шиг зүйл болсон эсэхийг тодруулсан боловч “тийм тохиолдол манай дээр гараагүй” гэсэн ижилхэн хариултыг өгсөн юм. Тиймээс herpes вирусээс болж нярай хүүхэд комонд орсон гэх мэдээлэл ташаа мэдээлэл бололтой.
Эх сурвалж: “Тусгал” мэргэжлийн цахим сонин
1 comment
FB-r like tsugluulah gesen neg orkiin medeelel