Орон нутгийн замд гарч байгаа зам тээвррийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх бууруулах, ослоос үүдэлтэй нас баралт, гэмтлийг багасгах зорилгоор улсын хэмжээнд “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аяныг эхлүүлэхээр болжээ.
Аяны нээлт энэ сарын 20-ны өдрийн 11 цагт Драгон авто вокзалд болно. Энэхүү аяныг Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Замын цагдаагийн алба, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран энэ оны 10 дугаар сарын нэгний өдөр хүртэл явагдах ажээ. Урин дулаан, амралт зугаалга, ойн баярын өдрүүд эхэлж, гадаад дотоодын жуулчдын тоо нэмэгдэж хөдөө, орон нутгийг зорих тээврийн хэрэгсэл, иргэдийн тоо эрс нэмэгддэг.
Сүүлийн гурван жилийн байдлаар зам тээврийн осол гэмтлийн нийт 5323 хэрэг бүртгэгджээ. Нас барсан болон гэмтсэн хүмүүсийн70 гаруй хувь нь орон нутагт гарсан байна. Зам тээврийн осол урьд онуудаас буурсан үзүүлэлттэй байгаа ч, Говь-Алтай, Дорнод, Дундговь, Өмнөговь, Увс, Хэнтий аймгуудад 10-90 хувь хүртэл өсчээ. Бүртгэгдсэн нийт ослын улмаас 163 хүний амь нас хохирсны 76,6 хувь, 356 хүн гэмтсэний 45 хувь нь орон нутгийн замд гарсан юм.
Он гарснаар эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд 11149 зам тээврийн ослын шинжтэй дуудлага, мэдээллийг хүлээн авч шалган шийдвэрлэсэн. Зам тээврийн осол, хэргийн шалтгаан нөхцөл нь нийслэл болон орон нутагт адилгүй. Орон нутагт дараах шалтгаанууд дийлэнхи хувийг эзэлж байна.
Үүнд:
Хурд хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, урсгал сөрөх, анхаарал болгоомжгүй замын хөдөлгөөнд оролцох, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, зогсох зогсоолын журам зөрчих зэрэг шалтгаанууд эзэлж байна.