2018.6.8. Баасан гариг. Энэ өдөр хоёр “чухал” үйл явдал Улаанбаатарт болсон юм.УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын хүсэлтийг хэлэлцсэн.
Яг энэ цаг үед нь Баянзүрх дүүргийн шүүх Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг батлан даалтад гаргах прокурорын саналыг хэлэлцэж байв.УИХ-ын гишүүд шөнө болтол хуралдаж, саналаа хураацгаав. Санал хураалтын дүнд Д.Гантулга, Д.Мурат хоёрын бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй гэж шийдэв.Харин Баянзүрх дүүргийн шүүх шийдвэрээ дор нь гаргаж, С.Баяр, Ч.Сайханбилэг хоёрыг суллах шийдвэрийг гаргасан юм.
Юм гэж сонин. Хоёрын хоёр дуулиантай үйл явдалд төр нэг өдөр шийдвэр танилцуулж байдаг. Ерөөс, энэ хоёр үйл явдал хоёулаа олны анхаарлын төвд байсаар ирсэн юм.Олон нийт С.Баярын Америк дахь долоон хаус яаж ил болсон. Бас Оюутолгойн гэрээг хэрхэн зурсан.
Д.Гантулгын “бандааш”-ны гэх асуудал юунаас болоод яагаад үүссэнийг үйл явцтай нь ярих шахтлаа мэддэг болсон юм.
Хальт харвал энэ хоёр асуудлыг нэг өдөр УИХ болоод шүүхээр хэлэлцсэн нь санамсаргүй давхцал мэт харагдана. Харин ахиулаад харвал ард нь өөр агуулга тууж яваа нь ил болно.
С.Баяр 2018 оны дөрөвдүгээр сарын 12-нд хоригдсон. Сүүлдээ бие нь өвдөж, улмаар 59 хоногийн дараа энэ сарын 8-ны өдөр суллагдав. С.Баярыг хоригдоход олон нийт өрөвдөн хайрлаж сүйд болоогүй юм. Намынхан нь ч таг чиг байцгаасан. Тийм болохоор 59-хөн хонуулаад гаргалаа гэвэл сулласан шүүгч, санал гаргасан прокурор “алуулах” нь тодорхой. Үүнийг МАН-ын стратегич С.Баяр маш сайн мэдэж байгаа. Гэвч С.Баярыг суллахын тулд прокурор санал, шүүх шийдвэр гаргах ёстой. Тэгээд С.Баяр онгоцонд суугаад гадагшаа нисэхгүй ч эрх чөлөөтэй болно. Харин үүнийг аюул осол багатай яаж хийх вэ гэж С.Баяр, түүнийг өмгөөлөгсөд нэлээд бодсон бололтой юм.
Ингэж ингэж өөрөөс нь илүү дуулиан шуугиантай асуудалд холбогдож “од” болоод байгаа Д.Гантулгыг ашигласан байгаа юм. Д.Гантулга яахав “бандааш”-ны гэх асуудалдаа бүр дөжирчихсөн. Өөрийнх нь асуудлыг ямраар ч шийдэхэд дагаад явахад бэлэн болчихоод байгаа хүн. Ингээд ажиллагаа өрнөж, өмнө нь суллахгүй гэж гүрийгээд байсан прокурор “…Алив сулаад өгөөч” гэсэн бичгээ бариад шүүх рүү очив. Шүүх ч “…Суллах боломжгүй” гэсэн шийдвэрээ өөрчилж, Ерөнхий сайд асан С.Баярыг гадуур байцаахаар суллав. Эв, тохироо нь бүрдсэн юм гэж ийм сайхан.
Эцсийн дүнд С.Баярын санаа зөв байв. Олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч тэр чигээрээ УИХ-ын чуулган руу анхаарлаа хандуулсан юм. УИХ ч С.Баярын зааврыг ёсчлон дагаж, үдшийн 20:00 цаг болтол хуралдав. Уг нь энэ УИХ-ын гишүүд тэр байтугай чухал асуудлыг хэдхэн цагийн дотор хэлэлцээд шийдчихдэг мундаг улс байдаг юм. Ингэж оройтуулах нь бас л стратеги байсан бололтой байгаа юм. Учир нь С.Баярын суллагдсан талаарх мэдээлэл урьд өмнөх шиг дуулиан шуугиантайгаар нийтэд хүрээгүй юм. Тэр чимээ аниргүйхэн гэртээ харьсан.
Энд бас нэг давхцал байгаа. Өнөөдөр МАН төрийн эрхийг барьж байна. Тиймээс МАН хүсвэл ямар ч шийдвэрийг гаргаж чадна. Болохгүй бол тохирсон ч чадах юмтай болсон хүмүүс.Тиймээс шүүх С.Баярыг суллав. С.Баярыг дагаад Ч.Сайханбилэг ч гарав. УИХ дээр Д.Гантулгыг авч үлдэхэд Д.Мурат ч бас үлдсэн юм.
Явж явж С.Баярыг суллахад “дуу намсгагч” болсон хүн нь Д.Гантулга болж таарч байгаа юм. Ингэхээр Д.Гантулга ард түмний хувьд шившигтэй нөхөр, харин С.Баярт бол авралын эзэн, бамбай нь гэсэн үг. С.Баяр ингээд суллагдлаа. Одоо тэр яах бол гэдэг асуултыг хаа сайгүй л тавьж байна. Мэдээж хэрэг, энэ хүн хамгийн түрүүнд өөрт нь тохоогоод байгаа олон ялаас яаж мултрах вэ гэдгээ бодно. Мань стратегич мөн л үүнийгээ аль хэдийнэ бодчихсон нь лавтай. Тэрээр “…Би ямар ч байсан том төслүүд хөдөлгөж чадсан” гэдэг юм. Оюутолгойн гэрээг хийсэн нь харин ч гавьяа юм шүү гэж хэлж байгаа хэрэг. Ч.Сайханбилэг ч Дубайн гэрээгээ “…Улс төрийн шийдвэр гаргасан” гэж тайлбарлаад байгаа.
Үүнээс нь харахаар “…Том төслүүд хөдөлгөсөн. Улс төрийн шийдвэр гаргасан учраас надтай ял зэм ярих ёсгүй” гэж хэлээд байх шиг байгаа юм. Тэдний бодлогыг дамжуулдаг зарим хэвлэл ч “…Өнөөдрийг хүртэл эдэн шиг Монголынхоо төлөө том хөдөлсөн улстөрчид, Ерөнхий сайдууд хаа байна” гэж бичээд байгаа.
Өөрийнх нь хэлдэг, хэвлэлүүдийн бичдэг үнэн байж болно оо. С.Баяр том төсөл хөдөлгөсөн. Олон жил яахаа мэдэхгүй харж суусан Оюутолгойг “хөдөлгөж” гэрээг нь байгуулж авсан. Ч.Сайханбилэг ч ялгаагүй. Дубайд ч юм уу, Монголын хаа нэгтээ ч юм уу гэрээ хийх улс төрийн шийдвэр өөр нэгэн ч байсан гаргах л байсан байх. Гэвч тэд нэг зүйлийг мартаад байна. Монгол Улсын Ерөнхий сайд болно гэдэг зөвхөн эрх мэдэл биш. Улс төрийн шийдвэр гаргах эрх мэдэл гэдэг том юм. Гэхдээ улс төрийн шийдвэрийг буруу гаргавал хүлээх хариуцлага гэж бас бий. Оюутолгой, Дубайн гэрээг Монголд ашигтай, хэрэгтэй хийх ёстой. Энэ бол үүрэг нь, бас хариуцлага нь юм.
Гэтэл С.Баяр өөрөө Америкт долоон хаустай болж, С.Баярцогтын данснаас 10 сая ам.доллар илрэх ёсгүй юм. Ингээд ирэхээр төр, ард түмэн тэдэнтэй хариуцлага ярьж таарна. Тэгээд ч С.Баяр өөрөө хариуцлага гэж их ярьдаг хүн л дээ. Анх 2007 онд МАН-ын Их хурал дээр намынхаа даргын албан тушаалыг М.Энхболдоос авчихаад “…Одоо Ерөнхий сайдын албан тушаалыг надад өгчих. Үүргийг нь хүлээсэн шиг хүлээе. Хариуцлагыг үүрсэн шиг үүрье” гэж байв. Дараа нь Оюутолгойн гэрээний талаар “…Энэ гэрээ Монголд ашигтай үгүйг хар толгойгоороо хариуцна” гээд хэлчихсэн алдартай үгнүүдийг нь хүмүүс мартаагүй л байна.С.Баяр цаашид ямар стратегитай ажиллахыг харж л байя.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин