Сүүлийн үед Солонгос улсад зорчих визийн мэдүүлгийг хуурамчаар үйлддэг, зохион байгуулалттай бүхэн бүтэн сүлжээ, брокерийн пүүсүүд бий болж элэг нэгтнээ залилан мэхлэх, эдийн засаг, санхүүгийн хохиролд оруулаад зогсохгүй гэмт хэргийн золиос болгож байгад харамсаж яваагаа БНСУ-ын ЭСЯ-ны консул Кил Кан Муг ярьж байна. Жишээ нь, сүүлийн ганц сарын дотор хуурамч бичиг баримт, бичгээр визийн мэдүүлэг хүссэн 500 тохиолдол тус яамны консулын газарт бүртгэгджээ. Нэг үгээр хэлвэл 500 гэмт хэрэг.
Манай улсын эрүүгийн хуулийн 500 гэмт хэрэгтэн бүртгэгдлээ гэсэн үг. Харамсалтай энэ нь ямар аймаар үр дагавар дагуулахыг та бидний хэн нь ч ойлгохыг хүсэхгүй байгаад уг асуудлын гамшиг оршино. “Солонгосын визийн мэдүүлгийг хуурамчаар үйлддэг зохион байгуулалттай хэд хэдэн бүлэг этгээдийг цагдаа, хууль хяналтынхан илрүүлэн шалгаж байгаа бөгөөд энэ чиглэлээр мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулсаар байгаа” тухайгаа ЦЕГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны ажилтан, цагдаагийн ахмад М.Мөнхшүр хэллээ. Тэрбээр “Ийм гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдүүд эрүүгийн шинэчлэн найруулсан хуулийн 19,14-ийн 2.1-ээр яллагдах болно” гэдгийг онцоллоо. Эрүүгийн хуулийн энэ заалтаар бол гэмт этгээдүүд дор хаяж 2-8 жилийн ялаар шийтгүүлнэ.
Гэвч өнөөдрийг болтол хэн нэгэн этгээд аль нэг шүүхээр орж, ямар нэгэн ялаар шийтгүүлсэн тохиолдол гараагүй байна. Манай “шерлок холмс”-ууд шалгаад л байна…
Харин энэ хооронд “Солонгосын виз гаргаж өгнө, визийн мэдүүлгийн бичиг, баримтыг түргэн шуурхай бүрдүүлж өгнө” гэх агуулгатай сэжиг бүхий зар, сурталчилгаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээ, бусад боломжит бүх сувгаар чөлөөтэй тэнүүчилсээр…
Энэ хэрээр Солонгос явж ахуй амьдралаа дээшлүүлэх хүсэл, сонирхолтой хэдэн зуун шударга залуус эдгээр хуурамч брокерийн луйврын бүлэглэлийн “идэш хоол” болсоор…
Уг нь БНСУ-ын элчин сайдын яам, консулын газар өөрийн улсад зорчих монгол иргэдийг энэ мэт залилан, луйврын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, визийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй, хуулийн хүрээнд, соёлтой олгох боломж, нөхцлийг хангах зорилгоор визийн мэдүүлгийг 8 төлөөлөгчийн газрыг нээн ажиллуулсаар хэдэн жил болжээ. Өнөөдрийн байдлаар хоёр улсын хооронд зорчигчдын тоо жилдээ 150 мянгад хүрч, байнга оршин суугаа иргэдийн тоо ганц хоёрхон жилийн 20 гаруй мянгаар нэмэгдэж 50 мянгад хүрчээ. Харамсалтай нь үүний 18 мянга нь хууль бусаар ажиллаж, амьдарч байна.
Солонгос бол хууль, шүүхээ дээдэлдэг, хүндэтгэдэг, шударга ёсыг чин үнэнчээр сахидаг, ядарсан нэгнээ залилан мэхлэхийг яс махнаасаа үзэн яддаг, хулгайч луйварчдыг, авилгыг үнэн голоосоо жигшдэг ард түмэн юм.
-“Та нар Солонгосын виз гаргаж өгнө гэсэн хэн нэгэн, ямар нэгэн байгууллагад битгий итгэ. Хууль бус брокерийн пүүсийн бичиг, баримтаар хуурамч визийн мэдүүлэг өгөхийг оролдвол Солонгос улсад зорчих Таны эрх дор хаяж 1-5 жилээр, хуурамч бичиг баримт үйлдсэн этгээдийг эрхийг бүх насаар нь хязгаарлах болно. Тэгээд ч зогсохгүй хуулийн хариуцлага хүлээх явдал гар болзошгүйг анхаарна уу. Та бидний хэнд ч, юу ч тохиолдоо билээ. Тиймээс ийм алхам хийх хэрэггүй. Та бүхэн манай төлөөлөн гүйцэтгэх 8 байгууллагад хандахад болно” хэмээн элчин консул нь учирлана.
Тэрээр цааш нь хэлэхдээ: -“Хоёр улсын иргэд, аж ахуй нэгж байгууллагын хамтын ажиллагаа, бизнесийн түншлэл, нөхөрлөл, аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёл урлагийн харилцаагаа өргөтгөх явдлыг бид бүхий л талаар дэмжсээр ирсэн. Өөрийн орны дэлхийд нэр хүндтэй их дээд сургуульд суралцах, мэргэжил боловсролоо дээшлүүлэх, хүсэлтэй залуучуудад виз олгохдоо хэзээ ч татгалзаж байгаагүй бөгөөд цаашид ч гэсэн татгалзах бодолгүй байна. Би Монголчуудад итгэдэг. Монгол улсын нийгмийн өнөөгийн байдлыг ч ойлгож байна” хэмээн ярьж байна. Гэтэл та бид: -“Солонгосын ЭСЯ виз олгохгүй байна. Оочер дугаар нь замбараагаа алдлаа, төлөөлөн гүйцэтгэх газрууд нь хаалга, үүдээ хаажээ” гэх мэтээр хуурамч пүүс, брокеруудаас санаатайгаар зохион байгуулан тарааж буй элдэв цуурхалд итгэнэ.
Энэ мэт хорон явуулга, худал мэдээлэлд үнэмшинэ. Бусдыг муу хэлнэ. Бусдад буруугаа чихнэ. Тэр хэрээр өөрөө өөрсдийгөө, аав ээж, өвөө эмээ, ах дүүсээ цалин, тэтгэврийн зээлээр нь шатаана. Солонгост “харласан” манай иргэдийн тоо тун саяхан 10 мянга байсан бол өнөөдөр 18 мянга болчихоод байна.
Хэрвээ “харласан” хэдийн маань тоо цөөрөөд, бүр гүй болбол, Солонгос улсад визгүй зорчих асуудал нааштайгаар шийдэгдэж болох тухай тун саяхан ажилаа өгөөд, нутаг буцсан БНСУ-ын Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд У Сун хэвлэлээр хэлж байсан. Уг нь бид, хэн нэгний сайхан сэтгэл рүү хар ус цацаж болохгүй гэдэг өвгөдийн сургаалтай ард түмэн. Тэгээд ч хүний итгэл, сэтгэлийг ялих шалихгүй зүйлээр сэвтээчих вий хэмээн цаг ямарт болгоомжилж, үр хүүхэддээ захиж сургадаг. Хэрвээ солонгос анд маань нэг өдөр – “Манай улсад байнга оршин суугаа Монгол иргэдийн тоо хязгаартаа тулжээ. Хууль бусаар амьдарч байгаа иргэд нь ч гэсэн хэрээс хэтэрлээ” хэмээн хаалгаа баривал бид юу хэлэх вэ. Мэдээж ийм зүйл болохгүй байх л даа. Гэхдээ л…
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин