Баянзүрх дүүргийн Засаг даргын гаргасан удирдамж, хуваарийн дагуу дүүргийн Засаг даргын Тамгын газраас бүх нийтийн их цэвэрлэгээг дөрөвдүгээр сарын 01-ний өдөр буюу Бямба гарагт зохион байгуулна.
Их цэвэрлэгээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, СӨХ-үүд, Орон сууц нийтийн аж ахуйн компаниуд, Ерөнхий боловсролын болон Их дээд сургуулиудын оюутан, сурагчид оролцож нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх юм. Мөн үерийн хамгаалалтын барилга байгууламж, гуу жалга, зам доогуурх ус нэвтрүүлэх хоолойн ахуйн гаралтай хог хаягдлыг гарган ачихаас гадна замын нуух, автобусны буудал, ТҮЦ-ний орчныг цэвэрлэнэ. Иймд бүх нийтийн их цэвэрлэгээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагын нийт ажилтан албан хаагчид идэвхтэй оролцохыг дүүргийн Засаг даргын Тамгын газраас уриалж байна.Дашрамд дурдахад, дүүргийн Нийтлэг үйлчилгээний дөрвөн газар өнгөрсөн хоёрдугаар сард үүсмэл хогийн цэгийг устгаж 12007,6 тн хог хаягдлыг 4029 рейсээр ачиж тээвэрлэжээ хэмээн Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.