Өнгөрсөн жил Монголын говиос үлэг гүрвэлийн 106 см урт мөр олдсон нь рекорд тогтоогоод байв. Гэвч Австралиас олдсон үлэг гүрвэлийн 1.7 метр урт мөр манай улсыг ардаа орхилоо.
Австралийн баруун эргээс олдсон энэ мөрний урт насанд хүрсэн хүний өндөртэй бараг чацуу гэсэн үг юм. Тус нутагт маш олон үлэг гүрвэлийн мөр олдож, түүнийг Австралийн “Юрийн галавын цэцэрлэг” гэж нэрлэх болсон юм. Хэдэн мянган мөрөн дундаас одоогоор 21 төрлийн 150 мөрийг тодруулаад байгаа гэнэ. Эдгээр нь үлэг гүрвэлийн дөрвөн үндсэн төрлийг төлөөлж байгаа юм байна. Одоогоос 130 сая жилийн өмнө Кимберлид маш олон төрлийн гүрвэлүүд бэлчиж байсан гэдгийг мөрнүүд баталж байгаа ажээ.
Энэ бүс нутаг нь 2008 онд Австралийн засгийн газрын байгалийн хий боловсруулах үйлдвэрийн $40 тэрбумын төсөлд хамрагдахаар тусгагдаад байсан юм. Нутгийн уугуул иргэд энэ үед үлэг гүрвэлийн мөрнүүдийг устахаас сэргийлж, палеонтологичдод мэдээлснээр хамгаалалтад авсан байна.