Бурхантай тэрсэлдсэн зохиолч, модернист яруу найрагч хэмээн олны дунд чичлүүлж байсан өдөр түүнд бий. Монголын утга зохиолын ерээд оны гол төлөөлөгчдийн нэг Б.Галсансүхийг утга зохиолын хүрээнд “Модернист командлагч” хэмээн нэрийддэг.
Шүлэг зохиолоосоо эхлээд төрх байдлаараа хүртэл бусдаас ялгарч чаддаг энэ найрагч нэгэн удаагийн “Болор цом” наадмын тайзан дээрээс “Бурхан чи хуц” хэмээн олныг алмайруулж үүнээс үүдэн “будаач будаач гэхээр сахлаа будав гэгчээр заавал тэрслүү болох гэж ядах юм. Модернист гэж юу байдаг юм” гэх зэргээр ад шоо үзэж байсан өдөр бий. Харин энэ үеэр Ардын уран зохиолч П.Бадарч нэгэнтээ “Бурхан чи хуц гэж байгаа хүнийг яруу найрагч гэхгүй бол өөр хэнийг яруу найрагч гэх юм” хэмээн өмгөөлж байлаа.