УИХ-ын гишүүдийн ёс зүй, хариуцлагатай холбоотой асуудал сүүлийн жилүүдэд байнга олны анхаарлыг татах болсон. Үүнтэй холбоотойгоор Төрийн ордонд “Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаа, гишүүний ёс зүй, хариуцлага” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос дараах асуултад хариулт авсан юм.
-Та энэ хуулийн төслийн ажлын хэсгийг ахалж байгаа. Хуульд оруулах гол өөрчлөлт нь юу байгаа вэ?
-УИХ-ын гишүүн улс орон, ард түмнийхээ төлөө хуулиа дээдлэн, хариуцлагатай ажиллана гэж сонгогдсон олон нийтээс сонгогддог. Тэгсэн хэрнээ хуралдаа суухгүй, ёс зүйгүй байна, УИХ-ын дэгийн тухай хуулиа зөрчиж байна гэдэг шүүмжлэл их гарах болсон. Ялангуяа УИХ-ын гишүүний нэр хүнд сүүлийн үед унаж байна.
Тиймээс УИХ болон Төрийн байгуулалтын байнгын хороо эдгээр асуудалд дүгнэлт хийгээд УИХ-ын болон УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулъя, УИХ-ын гишүүний ёс зүй, сахилга бат, хариуцлагын асуудлыг тодорхой болгоё, тэр дундаа үүргээ биелүүлэхгүй байгаа гишүүнд хариуцлага хүлээлгэдэг болох, УИХ-ын үйл ажиллагааг чанартай, түргэн шуурхай болгох асуудлаар ажлын хэсэг байгуулж дээрх хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.
-УИХ-ын байнгын хороо болон чуулганы хуралдаанд суудаггүй гишүүд бий. Ийм тохиолдолд мэдээж зохицуулалт хийх байх. Гэхдээ ямар?
-Хамгийн гол заалт бол чуулганы хуралдааны нийт цагийн гуравны нэгээс илүүд нь суугаагүй, хуралдаа ирдэггүй гишүүнийг эгүүлэн татаж, бүрэн эрхийг нь дуусгавар болгохоор хуульчилсан.
2012-2016 оны парламентын эхний гурван чуулганы хугацаанд гишүүд 9,800 цаг хурлаа тасалсан бол 2016 оны парламент эхний гурван чуулганы хугацаанд 1,000 орчим цаг тасалсан. Өөрөөр хэлбэл, хурлаа 10 дахин бага цаг тасалсан ч ард иргэдийн шүүмжлэл, , хандлага газар авсан байгаа учир энэ парламент илүү ажлаа сайжруулъя, хариуцлагаа дээшлүүлэх үүднээс ийнхүү хуульд өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна.
-Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, тэр дундаа телевизээр гарч байхдаа гишүүд хэлэлцэж буй асуудлаас өөр зүйл яриад байдаг. Үүнд ёс зүйг тухай хариуцлага яригдах уу?
-УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусдыг илтэд санаатайгаар гүтгэн доромжлохыг хориглож, хуралдааны дэг зөрчсөөр байвал хуралдаанаас хөөж танхимаас гаргах хариуцлагын зохицуулалт нэмсэн. Товчхондоо бол гишүүдийн хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх, ирц болон санал хураалтын босгыг өндөрсгөж, хуралдаа суудаггүй гишүүнийг эргүүлэн татах асуудлыг энэ хуулийн төсөлд суулгасан.
Хариуцлагагүй, ёс зүйгүй гишүүдийг дэгэнд нь оруулж, хуулийн мухардалд ордог асуудлыг хуугаар нь цэгцлэх зүйл заалт чамгүй туссан. Тухайлбал, гишүүд бусдын өмнөөс кноп дардаг буруутай үйлдлийг таслан зогсоож, төрийн түшээд “төгөлдөр хуурддаг” гажуудлыг засах заалт оруулсан байна. Ингэснээр худлаа ирц бүрдүүлж хууль баталдаг, ирээгүй нэгнийхээ өмнөөс эрхэнд нь халдаж санал өгдөг явдлыг хална гэж үзэж байна.
-Тэгвэл хурууны хээгээр ирцээ бүртгүүлдэг болох юм уу?
-Тийм. Төрийн албан хаагчийн адилаар хурууны хээгээр цагаа бүртгүүлж ирцэнд ордог, саналаа өгдөг байхаар зохицуулсан. Мөн УИХ-ын гишүүн хуралдааны ирцэд бүртгүүлэх, асуулт асуух, үг хэлэх, цахим тоолуураар санал өгөхөд зөвхөн цахим карт ашиглах бөгөөд цахим тоолуураар санал хураалт явуулах үед гишүүн цахим картаа зөвхөн өөрөө эзэмших бөгөөд бусдад шилжүүлэхийг хориглосон заалт нэмсэн.
-Төрийн байгууллагын албан тушаалтнууд УИХ-ын чуулганы хуралдаанд үнэн зөв мэдээлэл өгдөггүй, асуудлаа бүрэн мэддэггүй байдал ажиглагддаг. Үүнд бас зохицуулалт хийх юм байна гэж ойлгосон?
-Холбогдох байгууллага албан тушаалтан УИХ-д үнэн зөв мэдээлэл өгөх ёстойг хатуу хуульчилсан. Тайлбар хийж, асуултад хариулж байгаа албан тушаалтан бодитой, үнэн зөв мэдээлэл өгөх, асуултад бүрэн хариулах үүрэгтэй бөгөөд хэрэв санаатайгаар худал мэдээлэл өгсөн бол энэ нь түүнийг огцруулах, төрийн албанаас халах үндэслэл болох юм.
-Засгийн газрыг огцруулах босгыг өндөрсгөхөөр хуулийн төсөлд тусгасан байсан. Хэрэв энэ хуулийн төсөл батлагдвал төрийн тогтворгүй байдал үгүй болох уу?
-УИХ 7 бүрэн эрхийн хугацаанд 14 Засгийн газар бүрдүүлсэн байдаг. 1992-2000 онд Засгийн газрын ажиллах дундаж хугацаа 19 cap, 2000-2018 онд 28 cap байсан. Засаглалын энэ тогтворгүй байдал УИХ, Засгийн газрын нэр хүндийг унагах, итгэх итгэлийг бууруулах гээд олон сөрөг талтай. Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад хуралдаанд оролцсон 66 гишүүний буюу 36-гийн саналаар буюу нийт 76 гишүүний 50 хүрэхгүй хувийн саналаар огцруулж байсан.
Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахад 72 гишүүний 41 буюу 50-аас дээш хувиар огцруулсан. Энэ байдлаар тухайн хуралдаанд оролцсон гишүүдийн бус нийт 76 гишүүний 50-иас дээш хувь буюу 39-өөс дээш гишүүний саналаар огцруулдаг болохоор тусгасан, Ингэснээр Засгийн газрыг тогтвортой й ажиллах боломжийг бүрдүүлнэ. Эс бөгөөс 50 гишүүн хуралдаад 26-гийнх нь саналаар Засгийн газраа огцруулаад байж болохгүй. Мэдээж Үндсэн хуульд Засгийн газрыг тогтвортой ажиллуулах, засаглалыг сайжруулах талаар зохицуулалт орно.
-Хуулийн төслийг хэзээ өргөн барих вэ?
-Ирэх долоо хоногоос өргөн барина.
Б.Төгөлдөр