Нийслэлд гарч байгаа зам тээврийн гэмт хэргийн 50 хувьд нь хүүхэд өртсөн байдаг талаар Замын цагдаагийн газрын Олон нийттэй харилцах ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ж.Энхбат хэлж байна.
Хүүхэд зам тээврийн осолд өртөх явдал буурахгүй байна. Өдөрт дунджаар 3-5 хүүхэд зам тээврийн ослын улмаас эрүүл мэндээрээ хохирох, цаашлаад амь насаа алдах явдал гарч байна. Зам тээврийн осолд өртөж буй хүүхдийн хувьд эцэг эхтэйгээ тээврийн хэрэгслээр зорчиж явах, унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцохоос гадна бага насны хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулах явдал нь хүүхдийг осолд өртөх нөхцлийг бүрдүүлж байна.
Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 367 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 275 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 14 бүртгэгдэж 17 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна.