Америкийн Тэннеси мужид дөрөвдүгээр сарын 22-ны Ням гаригт орон нутгийн цагаар үүрийн 3:23 цагт энгийн иргэн галт зэвсэг ашиглан цайны газарт байсан дөрвөн хүний аминд хүрсэн хэрэг гарсан байна.
Сэжигтнийг 29 настай Травис Райнкинг гэдгийг тогтоосон байна. Тэрбээр өөрийн нэр дээр бүртгэлтэй ачааны машинаар цайны газарт ирсэн бөгөөд машинаасаа буусан даруйдаа гадаа байсан хоёр хүнийг буудан аминд нь хүрчээ.
Үргэлжлүүлэн цайны газарт орж гал нээсний улмаас нийт долоон хүн хөнгөн болон хүнд шархадсан бөгөөд тэдний хоёр нь газар дээрээ амь үрэгджээ. Улмаар халдлага гарсан цайны газарт үйлчлүүлж байсан залуу гэмт хэрэгтэнтэй ноцолдож бууг нь унагасны ачаар гал зогсож, гэмт хэрэгтэн хөл нүцгэн зугтсан бөгөөд одоог болтол гэмт хэрэгтнийг олоогүй байна.
Тиймээс тус мужийн цагдаагийн алба хаагчид нийт иргэдийг сонор сэрэмжтэй байж, хаалгаа цоожлохыг анхааруулан ажиллаж байна. Травис Райнкинг энэхүү хэргийг үйлдэхдээ ногоон өнгийн хүрмээс өөр хувцасгүй байсан тул орон нутгийн цагдаа нар гадаад төрхийн хувьд ижил төстэй хүн харагдвал яаралтай цагдаад мэдэгдэхийг оршин суугчдаас хүсчээ.