Монгол Улсын иргэн, 37 настай А гэгч хулгайн хэргээр БНСУ-ын Гуанжү хотын цагдаагийн газар саатуулагджээ. Энэ талаар өчигдөр тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн байна.
Тодруулбал, иргэн А нь энэ сарын 14-ний өдрийн үүрээр Гуанжү хотын нэгэн автомашины зогсоол дээр дөрвөн машины цонхыг хагалж, дотроос нь бэлэн мөнгө, зээлийн карт хулгайлжээ. Хулгай хийж байсан монгол залууг оршин суугч харж, цагдаагийн газар мэдээлэл өгснөөр үйлдэл дээр нь баривчилсан байна.
Мөн түүнийг байцаах явцад хэд хэдэн хулгайн гэмт хэрэг тогтоогджээ. Сэжигтэн А нь 2016 онд гурван сарын аяллын визээр БНСУ-д ирсэн бөгөөд нутаг буцалгүйгээр хууль бусаар амьдарч байжээ. Түүнийг Цагаачлалын албанд шилжүүлсэн байна. Энэ талаар БНСУ-ын хэвлэл мэдээллээр хүргэж, иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулжээ.
Эх сурвалж: “Өглөөний сонин”