Өмнөд Солонгос болон АНУ-ын удирдагч нартай уулзахаасаа өмнө Ким Жон Ун өөрийн залуухан эхнэрт “тэргүүн хатагтай” өргөмжлөлийг оноосон байна. Ингэж нэрлэсэн нь 40 гаруй жилийн түүхэнд анхны тохиолдол болоод буй нь энэ юм.
Ри Сол Жу нь алдартай дуучин байсан бөгөөд 2012 оноос Хойд Солонгосын элит хүрээний дунд үзэгдэж эхэлсэн юм. удахгүй болох Өмнөд Солонгос, АНУ-ын удирдагчидтай хийх уулзалтын үеэр Хойд Солонгосыг дэлхий нийтэд “хэвийн улс орон” болохыг харуулах гэсэн бодлого гэж ажиглагчид тайлбарлаж байна.
1974 онд Хойд Солонгосыг үндэслэгч Ким Ил Суны хоёр дахь эхнэр Ким Сон Айг “тэргүүн хатагтай” гэж нэрлэж байсан гэнэ. Ри Сол Жу одоо 29 настай, гурван хүүхэдтэй гэсэн албан бус мэдээлэл бий. Түүнийг багш аав, эмч ээжтэй, жирийн гэр бүлээс гаралтай гэж Өмнөд Солонгосын тагнуулынхан мэдээлсэн байдаг.
Зарим шинжээчид Ким Жон Ун эхнэрээ өргөмжлөх болсон нь үргэлж хөшигний ард нуугдаж насыг барсан ээжтэй нь холбоотой гэж дүгнэжээ. Удирдагчийн ээж Ко Ён Хуй нь Японд төрсөн хүн байсан тул 28 жил Ким Жон Уны эцэг Ким Жон Илтэй ханилж, гурван хүүхэд төрүүлэхдээ маш нууцлаг, даруу амьдарсан гэдэг. Тэр 2004 онд хөхний хорт хавдраар нас барсан байна.