Өмнөд Азийн зах зээл жуулчдын хөлд дарагдах улирал айсуй. Наран шарлагын газар халуун элсэн дээр биеэ ээн хэвтэх хэтэвч зузаантай гадаадынхан энэ зүгт дуртай. Яг л кинон дээр гардаг шиг… Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Өмнөд Азийн аялагчдын тоог хятадууд тэргүүлж ирсэн түүхтэй.
Сингапурыг жишээ болгон татаж болох юм. Тэндэхийн Marina Bay Sand хэмээх томоохон зочид буудалд аялагчид буудаллах дуртай. Мөстэй дарс шимэн бүлээн устай цөөрөмд алжаалаа тайлан хэвтэх нь тэндхийн тансаг үйлчилгээнүүдийн нэг. Энэ газрыг Хятадын төрийн хэвлэл “China Daily” дэлхийн хамгийн романтик найман газрын нэгээр тодруулсан нь ч бий.
Өнгөрсөн жилийн байдлаар анх удаа хятадууд Сингапурын аялал жуулчлалын салбарын тэргүүлэх зочид байсан төдийгүй, хамгийн их орлого оруулсан хүмүүс нь болсон юм. Тодруулбал, 17.4 сая жуулчны 3.2 сая нь урд хөршийнхөн байжээ. 1-9 дүгээр сарын хооронд тэд Сингапурт аялахын тулд 2.3 тэрбум ам.доллар зарцуулсан байна.
Энэ бол 10 гаруй тэрбум “ногоон”-оор хэмжигдэж буй манайх шиг улсын хувьд том тоо. Ер нь Өмнөд Ази даяараа аялал жуулчлал тэсрэлт хийж байна гэхэд хилсдэхээргүй болжээ. 2010-2015 онд аялагчдын тоо 49 хувиар өсч 109 саяас давсан байна. Ази болоод Номхон далайн улсуудын жуулчлал дэлхийн аль ч улс орнуудаас илүү хурдацтай хөгжиж буй.
Өмнөд Азийн, Азийн диваажин гэгддэг эртний сүм хийд, амтлаг хоол хүнс нь гадаад, дотоодынхныг яг л соронз мэт татдаг. Түүнээс гадна мөнгөний ханш бага байдаг нь тэдэнд түлхэц болдог биз. Гингит л гэхэд сул валют учраас Малайзид жуулчдыг цэцэг зөгийг татдаг шиг л даллаж. Валютын ханшийн зөрүүгээр жуулчдыг татдаг олон орон байдгийн хэд хэд нь мэдээж Камбодж, Тайландыг нэрлэж болох юм. Жишээ нь, Камбоджид валютын ханшид суурилсан аялал жуулчлал ДНБ-ийнх нь 28 хувийг бүрдүүлдэг.
Харин Тайландын хувьд энэ тоо 20 хувь. Манай тивийн аялал жуулчлалын хамгийн хүчтэй талбар нь мэдээж, Хятад. Шинэ тутам баяжиж буй хятад жуулчид 2016 онд гадаад улс орнуудад зөвхөн аялах замдаа бараг 261 тэрбум ам.доллар зарцуулсан гэсэн судалгаа байна.
Энэ нь 2011 оныхоос 73 тэрбум ам.доллараар өссөн үзүүлэлт юм. Бидний дараагийн жишээгээр Индонезийг нэрлэж болох юм. Визийн чирэгдэл багатай дүрэм журам нь энэ улсад жуулчдыг даллах хүч болдог. Бас нислэгийн хямд зардлыг ч авч үзэх ёстой. 2013-2016 онд Зүүн Өмнөд Ази руу нисэх Хятад иргэдийн тоо долоо хоног бүр 92 мянгаас 188 мянга 500 болтлоо өссөн байна.
Дэлхийн өнцөг булан бүрт суугаа адал явдлын эрэлчид дэлгэр зуныг амдан аяллын төлөвлөгөө, хөрөнгө санхүүгээ ийн үүцэлж байгаа. Тэгвэл Монгол Улсын хувьд аялал жуулчлал эдийн засгийнх нь хэдэн хувийг эзэлдэг, мөн ямар нөлөөтэй байдаг юм бол.
Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны мэдээлснээр 2017 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 2016 оны мөн үетэй харьцуулахад нийт зорчигдын тоо 71 мянга 750-гаар буюу 13.21 хувиар өссөн бол жуулчдын тоо 66 мянга 938-аар буюу 14.21 хувиар өсчээ.
Салбарын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 400 сая ам.долларын орлого оруулсан мэдээтэй байна. Монголбанк, Аялал жуулчлалын үндэсний төв хамтран гадаадын жуулчид Монгол Улсад аялахдаа гаргадаг зардлыг судалжээ. Судалгаагаар жуулчид дунджаар хоёр долоо хоногийг Монгол Улсад өнгөрүүлэхдээ хувийн аялагчид 1526 ам.доллар, компаниар үйлчлүүлсэн аялагчид 2383 ам.доллар зарцуулдгийг нь тогтоосон байна.
Судалгаанд Монгол Улсад аялсан 1233 жуулчныг санамсаргүй түүврийн аргаар хамруулсан байна. Тэгвэл Монголд ирэх жуулчдын тоог хэрхэн нэмэх вэ. Бас үүнд хөшүүрэг болох зүйлс юу байна вэ. Жишээ нь “Блүүмберг дээр бичсэнээр бол манайд Парисын Дарь эхийн сүм, Америкийн Ниагра хүрхрээ, Токиогийн Диснейлэнд үздэг төрлийн жуулчид ирэхгүй нь.
Иймээс бид маркетингийн аргаар жуулчдын шинэ урсгалыг бий болгох шаардлага байгаа юм. Хоосон хүлээгээд тэд бидэн дээр ирэхгүй нь” гэж Голомт банкны Гүйцэтгэх захирал Ө.Ганзориг ganzo.mn цахимдаа бичсэн байна лээ. Тэрээр цааш өөрийн санаагаа тодруулахдаа, “Тэгэхээр орчин цагийн туркүүдийн хувьд заавал аялж үзэх ёстой.
Эцэг өвгөдийнх нь түүх домгийг өгүүлэх өнө эртний дурсгал бүхий газрууд Монгол Улсад байна. Дэлхий дээр түрэг гаралтай буюу Turkic хүмүүс 140–160 сая байдаг гэж үздэг. Үүнээс Туркэд 60 орчим сая хүн амьдардаг байна. Гэтэл туркүүд гадаадад аялахдаа жилд тав орчим тэрбум ам.доллар зарцуулдаг байна.
Нийт гадагшаа зорчдог урсгал нь зургаа орчим сая хүн ажээ. Бид нэг бол жуулчид өөрсдөө ирэхийг хүлээгээд суугаад байж болно. Эсвэл баримтат кино хийгээд Туркийн телевизээр цацаж болж байна. Мөн Туркийн сошиал медиа орчинд идэвхжүүлэлт хийж болно. Туркчүүд өөрсдийн гарал үүсэл, хөшөө дурсгалаа үзэхээр Монголд аялж болно шүү дээ ирэхэд нь.
Харин Мэлхий хадныхаа дэргэд бие засах газар барьсан байх хэрэгтэй” гэсэн нь олон хүний сонирхлыг татсан сэдэв болсныг онцлох хэрэгтэй. Энэ бол асуудлын зөвхөн нэг л үзүүр. Цааш нь судлаад үзвэл аялал жуулчлалыг бид баригдмал, ягшмал хайрцагнаас нь гаргахад хараагаа чиглүүлэх цаг иржээ.
Ж.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
1 comment
Эхлээд үзүүлж харуулах зүйлээ, унтаж амрах байр сууц, идэж уух хоол унд, бие засах жорлон савыг нь барих хэрэгтэй