Хууль шүүхийн байгууллага МҮБХ-ны албан ёсны тэргүүнийг баталж, ОӨУБЕГ-аас албан ёсоор Л.Чинбатыг бүртгэсэн ч 16 жил хууль бусаар удирдсан Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй нөхөд Бөхийн холбоог өгөхгүй асуудлыг улам хурцдуулж олон нийтэд буруу ойлголт өгсөөр байна. Гэхдээ хэн нь МҮБХ-нд шинэчлэл авчирч чадах эсэхэд бөхчүүд, бөх сонирхогчид, иргэд өөр өөрийн дүгнэлтээ хийсээр л.
Гэхдээ энэ их хэрүүл маргаан зөвхөн Бөхийн өргөөг хэн нэгэн нь авахдаа биш. Энэ асуудлын цаана чухам ямар асуудлууд нуугдаж байгаа нь маш чухал. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ хүрэх ёстой бүхий л өндөрлөгт хүрсэн нэгэн. Дархан аваргаас авахуулаад УИХ-ын сэнтийд хүртэл сууж буй эрхэм гишүүн. Гэтэл эрхэм гишүүн маань яагаад МҮБХ-ны тэргүүн болохоор ингэтлээ улайрна вэ. Түмэндээ хайрлагдсан аваргын хүндлэл, төрдөө өргөсөн тангарагаа умартан улайрахын цаад учир юу вэ.
Түүнд Бөхийн өргөөнд эзэгнэн суучихаад бөх барилдуулж, тоглолт зохион байгуулаад ашиг олох нь тийм ч чухал биш. Гэхдээ өөр нэгэн ашиг сонирхол байгаа нь түүний МҮБХ-ны суудлыг авахаар улайран тэмцэж, хууль бус үйл ажиллагаа хийж байгаагаас илт харагдана. Гурван шатны шүүхээс 6 удаа Р.Нямдоржийг МҮБХ-ны тэргүүнээр хууль бусаар сонгогдсоныг тогтоож, тамга тэмдэг, гэрчилгээг нь хүчингүй болгосон. Ингэхдээ түүнийг дахин ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхыг хатуу шаардсан. Гэтэл мань эрхэм шүүхийн шийдвэрийг үл тоож, өнгөрсөн гуравдугаар сард хууль бус хурал зохион байгуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг сонгосон нь тэд ямарваа нэг зүйлээрээ, эрх ашигаараа нэгдэж чадах байгаагийн том илрэл. Нэн ялангуяа хууль тогтоогч эрхэм гишүүн маань өөрөө хууль бус үйлдэлд орооцолдон хууль бусаар МҮБХ-г авахаар улайрч байгаагаас харагдана. Тэр ч бүү хэл түүний хувийн бие хамгаалагч гэх Улсын начин Б.Одхүү Б.Бат-Эрдэнэтэй нэг ангид мөр зэрэгцэн суугаа, нэгэн цагт зүлэг ногоон дэвжээнээ барилдаж, ард түмнээ баясгаж явсан Дархан аварга А.Сүхбатыг нь бүлэглэн зодчихоод байхад чимээгүй л сууна.
Б.Бат-Эрдэнэ аваргын хувьд “Аварга” дээд сургуулийг үүсгэн байгуулж, нэгэн цагт захирлаар ажиллаж байв. Гэтэл бөхчүүдийн дунд ам дамжин яригддаг, үеийн үед хэл ам дагуулсан допингийн асуудлаар маш сонирхолтой дүр зураг гарч ирлээ. Аварга дээд сургуулийн захирал С нь Допингийн Үндэсний төвийн захирлаар ажилладаг байх юм. Гэтэл Допингийн Үндэсний төвийн Их эмчээр түүний шавь Э ажилладаг. Э-гийн нөхөр нь Э нь Допингийн Үндэсний төвийн дээж авагчаар ажилладаг. Дээж авагч Э-гийн дүү нь Допингийн Үндэсний төвийн хянагч Х. Ингээд харахаар Допингийн Үндэсний төвд ах дүү хамаатан, саднаараа ажилладаг аймшигтай дүр зураг гарч ирж байна. Түүгээр ч зогсохгүй долоо даваагүй Улсын заан болсон Ц.Магалжав нь Аварга дээд сургуулийн гавьяат багш А-гийн хүргэн байж. Тийм ч учраас тамга тэмдэг, гэрчилгээ нь хүчингүй болчихоод байхад хууль бус үйл ажиллагаа явуулж буй бөхийн холбооны удирдлага болох Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ нарын талд үхэн хатан гүйж байна. Ингээд харахаар допингийн асуудалд хэнийг ч холбож, холдуулж ч болдог “хонгил” үүсгэсэн нь тодорхой харагдаж байна. Цаашилбал, допингийн загалмайлсан эцэг хэн бэ гэдэгт хариулт гараад ирж байна.
Бөхчүүдийн ярьж байгаагаар, допингийн шинжилгээ нь начны найраанаас хэд дахин их мөнгө босгодог найдвартай бизнес болсон гэнэ. Үндэсний их баяр наадам, томоохон барилдааны үеэр бөхчүүдийг дуудаж допингийн шинжилгээ авна. Улмаар илэрсэн, илрээгүй хамаагүй хэнийг ч сэргээшийн асуудалд холбож ч болдог, холдуулж ч болдог тийм нэг гаж тогтолцоог хуучин МҮБХ-ныхон бий болгочихсон байна. Допингийн шинжилгээг авчихаад ямар шат шалгуур дамжлагаар БНСУ руу явуулдаг нь тодорхой бус. Магадгүй, хэн нэгний шинжилгээг солиод явуулж байгаа гэх баталгаагүй. Учир нь бүх зүйл бүрхэг хаалттай өрнөдөгт асуудлын гол байгаа юм.
Улмаар шинжилгээний хариунаас шалтгаалж, нэг бөхөөс 30-100 саяыг нэхэж бизнес хийдэг гэж бөхчүүд ярьж байна. Нэг бөхөөс 30 сая гэхээр арван бөхөөс 300 сая, 20 бөхөөс 600 сая нэг тэрбум гээд асар их тоон дүн гарч байна. Энгийн иргэд 500 мянга, 1 сая төгрөг олох гэж ажлын боол мэт амьдарч байхад допинг гэх асуудлын дор хэн нэгэн бусдын хөдөлмөрийг шулж, хэдэн зуун тэрбумаар нь халаасалж байна.
Ингэж хэлэхийн учир нь, допингийн шинжилгээг яагаад заавал “Аварга” сургуулийнхан авна гэж. Яагаад ах дүү садан төрлөөрөө Допингийн Үндэсний төвд “Аваргынхан” шургалсан бэ. Хэн ч тэдэнд хяналт тавихгүй учраас тэнд ямар ч хамаагүй хууль бус ажиллагаа явагдаж, хэн нэгнийг хохироож байдаг юм биш биз.
Энд хэн нэгний бизнес ид цэцэглэж, нөгөө “Шударга бусын хонгил” гэдэг чинь энэ допингтой холбоотойгоор МҮБХ дээр жинхэнээсээ үүсчихээгүй байгаа даа.
Эх сурвалж: Shuud.mn