Хүүхдийн хүчирхийллийн дөрвөн хэлбэр бий. Бие махбодийн, сэтгэл санааны, бэлгийн, үл хайхрах гэсэн. Харин өнөөдрийг хүртэл бид зөвхөн ил харагдаж байгаа, нийгмийн сэтгэлзүйд хүчтэй нөлөөлж байгаа буюу бие махбодийн, бэлгийн хүчирхийлэлд анхаарал хандуулж ирлээ.
Тэгвэл үүний цаана хүүхдийг нэг удаа зодсоноос ч илүү насан туршид нь хор хохирол учруулдаг сэтгэл санааны болон үл хайхрах хэлбэрийн хүчирхийлэл газар авсаар байгааг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн дугаартаа хөндөж байгаа юм.
“Би хүүхдэдээ хайртай, юу гэж хүчирхийлэх вэ дээ” гэж та бодож байна уу. Үгүй юм, цаазлахыг, тамлахыг шаардаад байгаа өнөө харгис этгээдүүдтэй зэрэгцээд бид өөрсдөө чимээгүй хүчирхийллийг үйлдсээр байна.
ҮЛ ХАЙХРАХ ХҮЧИРХИЙЛЛИЙН ДУУДЛАГА ХАМГИЙН ИХ БАЙНА
Хүүхдийн эрхийн тухай хуулийн долдугаар зүйлд зааснаар “ Хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодийн шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй” гэж заасан байдаг.
Тэгвэл энэхүү үл хайхрах байдал гэдгийг “Хэн нэгэн этгээд хүүхдийн бие махбодь, сэтгэл санаа, эрүүл мэнд, хөгжил боловсрол, аюулгүй байдал, хайр халамжаар хангах зэрэг суурь хэрэгцээг гачигдуулсны улмаас хүүхдэд гэм хор учруулсан болон учруулахыг завдсан, энэхүү нөхцөл байдлыг мэдсээр байж хүүхдийг хамгаалах болон урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй байдлыг хэлнэ” хэмээн тодорхойлжээ.
Хүүхэд хамгааллын 108 утсанд 2018 оны эхний улирлын байдлаар зөвхөн нийслэлийн хэмжээнд бие махбодийн 139, сэтгэл санааны 98, эдийн засгийн 12, бэлгийн 32, үл хайхрах хүчирхийллийн 271 дуудлага иржээ. Эндээс харахад бидний төдийлөн ойшоодоггүй үл хайхрах хүчирхийлэл гээч нийгэмд ямар төвшинд байгааг харж болно.
Бэлгийн болон биемахбодийн хүчирхийлэл ч үл хайхрах байдлаас шалтгаалж байгааг хүүхэд хамгааллын мэргэжилтнүүд дуу нэгтэйгээр хэлж байна. Хүүхэд бол таны өмч биш. Та хүүхдээ төрүүлсэн л бол түүнд тодорхой эрхүүд үүсч байдаг. Харамсалтай нь эцэг эхчүүд үүнийг ойлгодоггүйгээс “Би хүүхдээ яахыгаа өөрөө мэднэ” гэсэн өнцгөөс ханддаг.
Хүүхдийг багаас нь шим тэжээлгүй хоол идүүлж, тэжээлийн дутагдалд оруулах, улиралд нь таараагүй хувцас өмсүүлэх, бэлэн бүтээгдэхүүнээр хооллох, гар утас, телевизээр аргацаах, цагт нь унтуулахгүй байх нь түүний эрүүл мэнд, амьдралын хэмнэлд насан туршид нь хор хохирол учруулж байгаа үл хайхрах хүчирхийллийн түгээмэл хэлбэр.
Улмаар яриаг нь сонсохгүй байх, харилцан ярихгүй байх, нууцыг нь задруулах, доромжлох, үнсэхгүй байх гэх мэтээр сэтгэл санааны хүчирхийллийг үйлддэг. Түүнчлэн хараа хяналтаа сулруулсны улмаас компьютер тоглоомонд донтох, түлэгдэх, цонхоор унах, авто осолд өртөх ноцтой хэлбэрт шилждэг. 2016 онд 673, 2017 онд 805 хүүхэд гэнэтийн осолд өртжээ. Есөн настай эгчээр нь долоон настай дүүг нь сургуулиас нь авахуулдаг, эцэг эхчүүдийн хэнэггүй зан үл хайхрах байдлыг ийнхүү бий болгоод байгаа юм.
“ОХИНОО БИШ НӨХРӨӨ СОНГОСОН”
“Энэ миний хүүхэд учир яасан ч болно” гэсэн хандлагаа эцэг эхчүүд өөрчилж, хүүхдийг нийгмийн харилцаат тодорхой эрх бүхий хувь хүн гэдгийг хүлээн зөвшөөрөх цаг хэдийнэ болжээ. Учир нь хүүхдийг үл хайхрах хэлбэрээр хүчирхийлэгсдэд хариуцлага тооцох тогтолцоо манай улсад байхгүй биш байгаа. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулиар хүлээлгэх хариуцлага тус бүрийг зааж өгсөн.
Үүнийг дараагийн бүлэгт тодруулж бичье. Харин хариуцлагыг хэн нэхэх вэ. Хүүхдийн эрхийн тухай хуулийн дагуу манай улсад өнөөдрийн байдлаар хүүхдийн эрхийн улсын байцаагч 34 хүн ажиллаж байна. Эдгээр хүмүүс нь мөрдөн байцаагчтай адил статусаар хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой хэргүүд дээр ажиллаж байна. Гэхдээ арай хөнгөн хэлбэр буюу Зөрчлийн тухай хуулийн хэмжээнд гэсэн үг.
Тэгэхээр үл хайхрах төрлийн хүчирхийллийн талаар энэ хүмүүст мэдээлэл өгч болно. Өөрөөр хэлбэл, таны хариуцлагагүй байдлын улмаас хүүхэд тань гараа түлсэн бол Хүүхдийн эрхийн улсын байцаагч танд хариуцлага тооцох эрхтэй. Гэхдээ тэдний хувьд нэн тэргүүнд торгоно гэхээсээ илүү урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах чиглэлд ажиллах ёстойг ГБХЗХГ-ын Хууль эрхзүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар онцолж байлаа.
2017 оны нэгдүгээр улирлын байдлаар хүүхдийн эрхийн байцаагчид улсын хэмжээнд 17 тохиолдолд хэрэг үүсгэн шийдвэрлэж, 800 мянган төгрөгийн торгууль тавьжээ. Үүний 40 хувийг хүүхдийн дэргэд архидан согтуурсан хэрэг эзэлжээ. Хүн амын төвлөрөл хамгийн их Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт хүүхдийн эрхийн улсын байцаагчгүй байгаа нь мөн анхаарал татлаа.
Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын мэргэжилтэн, хүүхдийн эрхийн улсын байцаагч Х.Оюунтуяа ийнхүү ярьж байна. “Хүүхэд эхээс төрсөн л бол эрхээ эдлэх ёстой. Үүнийг манайхан ойлгохгүй байна. Чи ямар цагдаа юм уу, та нарт манай амьдрал ямар хамаатай юм бэ гэх хандлагатай бид байнга нүүр тулдаг.
Жишээ хэлбэл, өнгөрсөн онд 108 утсанд ирсэн дуудлагаар хойд эцэг нь бэлгийн дарамт үзүүлэхийг завдсан дуудлагыг 17 настай охин өөрөө өгсөн хэрэг дээр ажилласан юм. Би үнэмлэхээ үзүүлээд ээжтэй нь уулзсан. Нөхрөө өмөөрөөд “Миний амьдрал чамд хамаагүй, эр эмийн хооронд илжиг бүү жороол” гэж над руу дайрсан.
Хоёр цаг гаруй ээжтэй нь ярилцсаны эцэст бага зэрэг ойлгож, эмээж эхэлсэн л дээ. Тэгээд тэр ээж ямар сонголт хийсэн гэхээр нөхрөө сонгосон. Охиноо гэрээсээ явуулсан. Харин явахад нь бид хөөцөлдөж байж өвөөгийнх нь хадгаламжинд нь хийж өгсөн мөнгийг ээж нь үрсэн байсныг охинд гаргуулж өгсөн.
Уг нь 17 настай хүүхэд бие даах нас нь болоогүй шүү дээ. Мөн эцэг эхчүүд анхаарал болгоомжгүйгээс болоод хүүхдээ халуун хоол, цайнд түлчихдэг. Ийм тохиолдолд бид торгох эрхтэй. Гэхдээ торгоно гээд очвол бараг зодуулах байлгүй. Тиймээс бид ажлынхаа 70 хувийг урьдчилан сэргийлэх, зөвлөн туслахад чиглүүлж байна.
Бас нэг жишээ байна. Сургалтын төлбөрөө төлөөгүй гэсэн шалтгаанаар хүүхдийг хамт олных нь нүдэн дээр хөөсөн. Өөрөөр хэлбэл тэр хүүхдийн нэр хүндэд халдаж, хувийн мэдээллийг нь олон нийтэд цацсан гэсэн үг. Уг нь аав, ээж нь буруутай шүү дээ. Хувийн сургууль дээр болсон энэ хэргийг прокурорт хянан шалгаж байх явцад дахин ийм байдал давтагдаагүй учраас хэрэгсэхгүй болгосон. Учир нь мэдүүлэг өгөхөөс эхлээд олон удаа уулзахад хууль байдаг гэдгийг ойлгосон.
Яг ийм тохиолдол манайд түгээмэл. Ер нь дийлэнх гомдлууд сургуультай холбоотой ирдэг. Мөн нэг эмэгтэй надтай ирж уулзсан. Сургууль нь хүүхдийг нь хөгжих эрхээр хязгаарлаж байгаа тухай. Урлагийн үзлэгт оруулдаггүй, дуулья, бүжиглье гэхээр нь зөвшөөрдөггүй гэнэ. Тэгсэн хэрнээ амралтанд албадан явуулсан байгаа юм. Ээж нь байнга гомдол гаргадаг гээд хүүхдийг хамт олных нь дунд загнаж зандардаг гэнэ.
Тэгэхээр нь би “Энэ тохиолдолд хүүхдийн тийм эрхийг зөрчиж байна. Та гомдол гаргавал бид шалгаад хариуцлага тооцох боломжтой” гэж хэлсэн. “Би маш олон байгууллагын хаалга татахад анх удаа надад ийм хариу өглөө. Бусад нь бүгд багшид нь хахууль өгөхийг зөвлөж байсан” гэж тэр эмэгтэй ярьж байгаа юм.
Түүнчлэн монгол хүүхдийн онцлогт тохирсон хувцас хийхийн тулд судалгаа хийсэн тухай гомдол ирсэн. Судалгаа хийх нь зөв л дөө. Гэтэл процессийн алдаа гаргасан. Эхлээд аав, ээжээс нь зөвшөөрөл авах ёстой. Гэтэл дураараа хүүхдийг нүцгэлээд хэмжээ авчихсан. Ерөөсөө зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хувийн орон зайд халдсаныг буруутгаж байгаа юм. Зөвхөн ээждээ харуулдаг биеийн хэсэг тэр хүүхдэд байгаа шүү дээ.
Энэ мэтчилэн хүүхдийн эрхийн талаар ойлголт сул байгаатай холбоотой асар олон тохиолдол байна. Нэг настай хүүхдэд ч хувийн орон зай байх ёстойг бид ойлгох хэрэгтэй.
ДАРХЛААЖУУЛАЛТАД ХАМРУУЛААГҮЙ БОЛ 50 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОНО
Хуулийн хүрээнд хариуцлагагүй эцэг эхчүүдэд ямар шийтгэл ногдуулахыг товч өгүүлье. Зөрчлийн тухай хуулийн 6.20-д зааснаар Хүүхдийг хувцас, хоол хүнс, орон байраар зориуд гачигдуулсан, хүүхдэд эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй хоол хүнсний зүйл хэрэглүүлсэн, сурч боловсрох, хөгжих, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хязгаарласан бол 50 мянга, хуулийн этгээдийг 500 мянган төгрөгөөр торгоно.
Хүүхдээ дархлаажуулалтад хамруулаагүй бол 50 мянга, зөвшөөрөлгүйгээр мэдээлэл, сурталчилгаанд ашигласан, бусад хэлбэрээр хууль бусаар нэрийг нь барьж, ашиг олох, эрүүл мэнд, амь нас, нэр хүндэд нь харшлах, эсхүл аюул учруулах тоглоом, наадамд оролцуулсан бол 100 мянга, хуулийн этгээдийг нэг сая төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Хүүхдийн хүсэл зоригийн эсрэг шашны үйл ажиллагаанд татан оролцуулсан бол 100 мянга, хуулийн этгээдийг нэг сая төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Сургууль, сургуулийн дотуур байр, тэдгээрийн гаднах орчинд сурагч бусад сурагчийг дарамталж, зүй бусаар харьцаж сургуульд суралцах боломжгүй байдлыг бий болгосон бол сургуулийн нийгмийн ажилтан, багшийг 10 мянга, сургуулийн захиргааг 100 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Хүүхдийн эрхийг хангах талаар эцэг эх, асран хамгаалагч нь анхаарал тавиагүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нэг хүнийг 200 мянга, хүүхдийг хөгжлийн бэрхшээлээс нь шалтгаалан ялгаварлан гадуурхсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нэг хүнийг 300 мянга, Хүүхдийн бие махбодид халдсан, эсхүл үл хайхарсан, хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 300 мянган төгрөгөөр торгоно гэж зүйлчилж өгчээ.
Харин үүнээс хүнд төрлийн хэргүүд нь Эрүүгийн хуулиар шийдэгдээд явна гэсэн үг. Дээрх хариуцлага тооцох заалтуудыг харахад бидний хэн нь ч өнөөдөр хүүхдээ үл хайхарсныхаа төлөө хуулиар шийтгүүлэх боломжтой юм. Гэвч өнөөдөр торгууль ярихаас илүү хүүхдийн эрхийг бүх төвшинд хамгаалж, тэднийг чин сэтгэлээсээ хайрлан, хамгаалах, ойлгох, ийм нөхцөлд хүрэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх хандлага хамгийн чухал байгааг энэхүү нийтлэлээр хүргэхийг зорилоо.
Б.СОЛОНГО
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин