Үе үеийн түүхээс төрдөг зарим асуулт
XIII зууны Монголчуудын түүх, түүний дараах үр дагаврын тухай бодох, тооцох хэрээр нэгэн асуулт өөрийн эрхгүй гарч ирдэг юм. Энэ бол нэгдэж хүчирхэгжсэн Монголчуудын тэр цагийн идэрмэг их хүчийг алс холын зөөврийн дайнуудад зарцуулах, хэзээ ч нэгдэж байгаагүй Хятадуудыг нэгтгэх, хэтдээ жижиг вант улсууд болж үлдэх байсан Оросуудыг нэгтгэх, лал шүтлэгтэн улсуудын дотоод зөрчлийг хүчлэн арилгаж нэг жолоонд оруулах, хэзээ хэзээгүй хоорондоо мөргөлдөж сүйрлийн ирмэгт очих байсан хоёр том шашны зөрчлийг хөндлөнгөөс очиж намжаах, чингэснээр Их Монгол улсын хүч, эрчмийг түүний хилийн цаана тарамдуулан цацах хэрэг байсан юм уу? гэх асуулт юм.
Тэр хүч эрчмийг Их Монгол улсын хилийн доторх ажил үйлс, бүтээн байгуулалтанд зарцуулсан бол Монголчууд Евро-Азидаа ХIII-ХХ зууныг хооронд нэгэн их хүчирхэг гүрэн янзаараа үлдэж, тэргүүлж байх байсан бус уу? Хилийн дээс нь ч Хятадын цагаан хэрмээс Байгал далайн чанадад, Хянганаас өнөөгийн Шинжаан-Уйгарын тэртээд байснаараа л үлдэх биш үү? Монголчуудын хурааж, нэгтгэж, томруулж өгсөн Хятад, Орос хоёр эргээд манийгаа жижигрүүлж чадлаа шүү дээ. Ингүүлэхийн төлөөнөө XIII зуунд, Монголчууд хүчлэн тэмцэж хамаг эрч чадлаа дайчлан зарцуулсан болж байна уу?… Энэчлэн асуух, Тэрчлэн бодох, эрэгцүүлэхэд буруу юу байх билээ…
Монголчууд XIII зуунд гараа гарган, хүчээ шавхаж байсаар Евроазийг төр засгийн нэгэн жолоонд оруулж чадсан хэдий ч тэр өргөн уудам нутаг зөвхөн л их хааны хүүхдүүд, дүү нар ээж, авга, нагацынхны дунд л хуваагдан эзэмшигдсэн билээ. Ингэхдээр эзэнт гүрэн маань алтан ургийнхны эзэнт улс байжээ. Чингисийг нас барсны дараахнаас эхлээд л хүүхдүүд нь ач нар нь өмч эзэмшлээ булаацалдаж, бүр нэг нь нөгөөдөө зэвсэглэн халдаж, шил шилээ харан бутарцгаасан юм.
Эзлэх дагуулах гэж, нэгтгэх гэж, түвшитгэх гэж зарцуулсан их хүч чармайлт, асгаруулсан цус бараг л дэмий шахам болжээ. Хувь хувиа бодсон хувь улсууд, эзэмшлүүд гол улсаа ч бодсонгүй, их хаадаа ч зөвшилцөн сонгож чадсангүй, элдэв шинж гарвалтай гомдол, мөчөөрхлүүдэд хөтлөгдөн нэг нэгнээсээ холдсоор л байлаа. Өгөөдэй, Гүег, Мөнх гээд л бүр гол улс ч алга болсон билээ. Хархорин төвтэй Их Монгол улсын оронд Их Юань гүрний сэзааны цаадах муж буй болжээ. Эзэнт гүрний цар хүрээгээр албан татвар, элдэв төлөөс, төлбөрөөр буй болдог байсан их хэмжээний алт, мөнгө, эд баялгийг Хувилай хаан 30 гаруй жил нэгдэж нийлсэн Хятадуудын ашиг, сонирхолд зориулан зарцуулжээ.
Дэлхийг эзлэн захирсан Монгол, дэлхийн нийслэл байсан Хархорин хэрэг дээрээ хаягдаж, орхигджээ. Ийм үр дүн гарсан нь зөв үзэл, зөв үйлдэл, сайн хэрэг мөн гэж үү? Ийм асуултыг тавих, энэ талаар шүүн хэлэлцэх, зөв үнэлгээ өгөх явдал эдүгээ бас чухал болоод байна. Хубилайн үзэл санаа, үйл ажиллагааг сайшаах, магтах, зөвтгөх “сонирхолтой” хүмүүсийн тоо өссөөр байгаа нь анхаарал татах боллоо.
Аль ч улс үндэстэн юуны өмнө л “хувиа бодох, довоо шарлуулахыг” хичээдэг. Энэ бол угтаа түүнд байгалиас заяасан төрөлх эрх юм. Төр засаг нь энэ заяагдмал эрхийн эсрэг байх, хөсөрдүүлэх аваас тэр ард түмэн хохирдог. Бүр сөнөж, мөхөж ч болно. Тэгэхлээр мөнхүү заяагдмал эрхийг нь эдлүүлж байх, чухалчилж байх нь аль ч төр, засгийн нэн чухал үүрэг юм. Энэ үүргээ хөсөрдүүлсэн төр засаг, удирдлагад хатуу хариуцлага тооцох ёстой. Их хэмжээний авилга аваад л үндэснийхээ баялгийг гадагш нь урсгаад байгаа бол энэ нь эх орноосоо урвасан үйлдэл гэж үнэлэгдэх учиртай. XX зуунд энэ талаар ч бодох, тооцох шаардлага их болсоор байна Төр засаг, хууль сахиулах байгууллагууд хариуцлага тооцож чадахгүй бол ард түмэн өөрөө буруутнуудаас ял асуух ёстой. Эс тэгвээс улс орон маань мөхөх, сөнөх болно.
Чи Монгол хүн мөн юм бол, Монгол улсын иргэн мөн бол Монгол эх орноо өөд нь татах, хөгжүүлэх үүрэгтэй! Энэ үүргээ ухамсарлах сэтгэлзүй, харуцлагыг хүн бүхэнд хүүхэд байх цагаас нь эхлэн олгож байх учиртай. Ийм сэтгэлзүй хариуцлагыг эцэг, эх ахмад үе гэрийн хүмүүжил, сургалтаар ч олгох ёстой, бас бүх шашны сургуулиуд ч хамт олны нөлөө оролцооны давуу талыг ашиглан хүүхэд нэг бүрийг идэвхтэй иргэн, ардчилсан бие хүн, хөдөлмөрч бүтээлч хүн болгож төлөвшүүлэх үүрэгтэй.
Сул хөгжилтэй жижиг орны төр засаг хүссэн ч, эс хүссэн ч үндэсний социалист чиг хандлагатай бодлого явуулдгийг дэлхий даяараа мэддэг л дээ. Өөрөөр байх аргагүй гэдгийг ч ойлгодог. Жижиг орны үндэсний социализм бол дэлхийг дангаараа ноёрхох сонирхолтой хүчирхэг орны национал-социализмаас огт өөр үзэл, зорилготой болохыг ч улс төрчид андахгүй.
Цөөнх, хэт цөөнх нь хагартлаа баяжаад, олонхи нь, дийлэнх олонхи нь ядуурчихсан бол тэр жижиг улс орон хэд хэдэн хувилбарын аль нэгнээр нь л бусдын эрхшээлд орж тусгаар тогтнолоо алддаг жамтай. Пролетарийн социалист хувьсгал ч гарч болно. Иргэний дайны гол дүрэлзэж ч болно. Ужиг самуунд автаж, төв төргүй болж, задарч хуваагдаж ч болно. Ийм замаар ороод мөхөж сөнөсөн улс, үндэстэн олон бий. Иймэрдүү зам мөрөөр орчихоод байгаа жижгэвтэр улс орон өнөөдөр ч гэсэн олон байна.
Байгалийн асар их баялагтай, цөөвтөр хүн амтай, газарзүйн байрлалын хувьд ч муу гэхээргүй улс орон тэдний дунд цөөнгүй байгаа билээ. Аль ч улс орон хөгжиж, дэгжихэд онцын хэрэгтэй байдаг, ган хөнгөн цагаан, зэс, алт,коксждог нүүрсийг үйлдвэрлэж буюу олборлоод ч тогтвортой хөгжлийн замдаа шуудран орж чаддаггүй улс орон ч бас цөөнгүй болчихжээ. Энэ бүхний гол шалтгаан нь тэдгээр орны төр засгийн чанарт, хариуцлаганд, удирдан зохион байгуулах чадварт нь оршиж байна. Ардчилсан гэгдэх төр засаг, намууд нь яг хэрэг дээрээ бол зөвхөн л олигархи бүлэглүүдийн ашиг, сонирхолд нийцсэн дотоод, гадаад бодлого хэрэгжүүлж, улс үндэстнийхээ эрх ашгийг хөсөр хаяж иржээ.
XX, XXI зууны амьдрал, практикаас үзэхүл хөгжлийн чухам ямар загвар, бодлого өөрт нь яг таг тохирохыг бодож чадсан, мөнхүү загвар, бодлогоо төрийн эрхэнд гарсан аль ч нам нь ягштал мөрдөж, хэрэгжүүлж чаддаг тэр улс орон хөгжиж, дэвшиж, бүс нутгийнхаа лидер, хамгийн нөлөө бүхий улс орон болж хувирчээ. Бусдыг шууд хуулбарлан дууриах гэж оролдсоор байгаад, нэг загвар, бодлогоос нөгөө рүү нь шилжиж үсчсээр байгаад, дээр нь бас дотооддоо зөрчилдөж гадныханд хууртсаар байгаад 20 жил, 30 жил дороо дэвхцсээр, байснаа алдсаар бүтээснээ нураасаар мухардалд орчихсон улс орон ч мөн цөөнгүй байна. Тиймэрдүү улс орны нэг нь өнөөгийн Монгол маань юм.
Урд өмнө бараг л гар хүрээгүй байсан их баялгаа (алт, зэс, уран, газрын ховор метал, мөнгө, антрацит зэрэг) борлуулж, маш их хэмжээгээр экспортлоод ч хөл дээрээ баттай зогсчихож чадахгүй, эдийн засгийн хувьд харьцангуй ч болов биеэ даачихаж чадахгүй байгаа нь эцсийн дүндээ Монголд нам шиг нам байхгүй болохтой холбоотой байна. Ийм том газар нутагтай, ийм их баялагтай, дээр нь хэрэглээ шаардлага нь их биш, өндөр биш гуравхан сая хүнтэй ийм улс орныг ийм ядуу тарчиг амьдруулж байгаа нь үнэмших, Итгэхэд бэрх үзэгдэл, баримт юм хэмээн гадаадын судлаачид гайхширдаг болжээ. Санаатайгаар ядууруулъя гэсэн ч тийм хэмжээ, түвшинд хүртэл нь дарах, доройтуулах боломжгүй баймаар юм гэж хачирхах судлаач ч бас байна.
Дэлхийн зах зээл дээр алт, зэс нүүрс, ховор металын үнэ огцом өссөн тааламжтай он жилүүд тохиогоод ч нэмэр болсонгүй. 1960 онд нэг унц алт 35 доллар байсан бол 2006 онд 727 доллар болж 20 дахин өсчээ. Гэтэл Монголчууд бараг сүүлийн 20 гаруй жилд алт олборлосон билээ. Алтны үнэ цаашид өссөөр ойрын ирээдүйд 6 мянган долларт хүрч ч болох ажээ. Харалган улстөрийн балгаар коксждог нүүрсний үнийн өндөр өсөлтийг ч бүрэн дүүрэн ашиглаж чадсангүй…
Өнөөдөр Монгол орон өрөнд баригдаж, өвчинд нэрвэгдэж (элэгний “С” вирүс, сүрьеэ, малын боом, шүлхий гэх мэт), авилгад идэгдэж, гадаадын хөрөнгө оруулагчдын дунд нэр хүндээ алдаж, “Цагаан захтны” үйлдсэн гэмт хэрэг хот, хөдөөгүй тоогоо алдсан нь одоо амьд сэрүүн байгаа улстөрчид, үндэсний сэхээтний чанар, ёс суртахуун, нэр төрөөс юуны өмнө хамаарч шалтгаалжээ. Эндээс бас нэгэн асуулт гарч ирж байна. Ардчиллын алтан хараацайнууд гэж өөрсдийгөө нэрлэсэн залуус чинь ердөө л “Хөрөнгөлөг этгээд болохын төлөө юу ч хийхээс буцдаггүй” шуналын микробууд л байсан юм бишүү? Судлаад, сурвалжлаад байхнээ тэд эр, эмгүй бүгдээрээ яг тийм микробууд байх ажээ. Хөөрч доргисон олон түмэн хууртаж хохирсон нь энэ гэцгээх юм…
Судлаач, профессор Д.Чулуунжав
8 comments
ene heden sda nuudiig ter ued ni zogsooj barij horih bsiin ym da. Uls orniig ardchlal neriin door yu bolgov ard tumen irgeed neg haraarai.
ПРОФЕССОР ГУАЙ ТАНЫ ИНГЭЖ ЮУ САНАСАНАА ЗОРГООРОО ЧАЛЧИХ ЭРХИЙГ ТЭР МИКРОБУУД ЧИНЬ ОЛГОСОН ЮМШДЭЭ.
shunaliin mikrobuud erh darhiig hund ogdoggui yum ted oorsdoo erh edlej bayjij holjihiig iouud uzdeg huvalznuud ard tumen ter erh darhaa edelcen bol ene heden an gesen shnaliin mikrovuud odiid bugd duujilegdsen bigaa
shunaliin mikrobuud erh darhiig hund ogdoggui yum ted oorsdoo erh edlej bayjij holjihiig iouud uzdeg huvalznuud ard tumen ter erh darhaa edelcen bol ene heden an gesen shnaliin mikrovuud odiid bugd duujilegdsen bigaa
gadaadiihnii todorhoilson n dan erliizuud uuniig hiisen gedeg n unen shuu hytad garaltanguud mongond shunaltai ted bugdiig gardsan bidal evgui bolonguut dagaj daldganasan mongolchuud hucn hurehgui bolonguut bugd hayad zugtaasan tegeed erliizuud saihan nairalsan neg n hytadiin baatar bolchood odoo zugaalj yvna
tiimee ted chini jinhene luivarchid
hoh chin umbuunuudee
ХҮНЛЭГ ЭНЭРЭНГҮЙ БҮГД ТЭГШ ЭРХТЭЙ БАЯН ЧИНЭЭЛЭГ НИЙГЭМ БАЙГУУЛНА ГЭСЭН ХААНА БАЙНА.