Сүүлийн жилүүдэд бага насны хүүхдийг хүчирхийлэх, амь насанд нь халдах, зүй бусаар тамлан зовоох, тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх зэрэг байж боломгүй хэргүүд олон нийтэд нээлттэй сонсогдох болсон тул нийгэм тэр чигээрээ эмзэглээд буй. Орон даяар өрнөсөн тайван жагсаалд БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа Монголчууд мөн нэгдэн тус улсын Сөүл хотын “Монгол туан”-ы үүдэнд жагссан байна.
Энэ сарын 12-13-нд шилжих шөнө Замын-Үүд хотод ой найман сартай эрэгтэй хүүхдийг хүчиндсэн онц ноцтой хэрэг гарч, нийгмийг тэр чигт нь цочирдуулсан. Тэгвэл уг үйлдэл болон хүүхдийн хүчирхийлэлтэй “зэрлэг нийгэм”-ийг эсэргүүцэж Монголчууд “Дахин тэвчихгүй” уриатай тайван жагсаал хийлээ. Тэрбээр жагсаалыг залуусын төлөөлөл Ард Түмний Хүү Б.Ням-Эрдэнэ, оюутан Б.Бат-эрдэнэ. мөн н.Майнбаяр, н.Бүрэнтуяа, н.Наранбилэг, н.Долгорсүрэн, н.Мөнхчимэг зэрэг хүмүүс зохион байгуулжээ. Тэд “Бид дахин тэвчихгүй, Эрчүүд удирдагч байж болно, хүчирхийлэг байж болохгүй, Хүүхэд айдасгүй өсөх ёстой, Хүүхэд-Бидний ирээдүй, Бид айж байна, Хуулиа чангалъя” уриан дор нэгдэн жагслаа. Мөн жагсаалд оролцсон Монголчуудаас 1000 гаруй гарын үсэг цуглуулсан байна.