2018-03-29 16:561min04

Амьдралын боломжгүй иргэд талийгаачдаа ил тавьж байна

orshuulga

Нүүдлийн ахуй соёлоос суурин иргэншилд шилжээд удаагүй байгаа сая гаруй хүн амтай нийслэлийнхэн оршуулгын ямар зан заншил үйлдэж байна вэ? гэдэгт анхаарлаа хандуулъя. Иргэдийн ихэнх нь бурхан болоочдоо  чандарлахаас илүү газарт, эсвэл нутагт нь оршуулхыг илүүд үзэж байна. Улаанбаатар хотод жилд дунджаар 7000 гаруй хүн нас бардаг. Талийгаачдын 20-30 хувь нь монголдоо ганц чандарлах үйлчилгээ авдаг байна.  Үлдсэн хувь нь нийслэлд үйл ажиллагаа явуулж буй зургаан оршуулгын газарт болон ил задгай оршуулах зан үйлийг үйлддэг.

Иргэдийн хувьд чандарлах үйлчилгээ нь хэт их үнэтэй учраас бурхан болоочдоо нутаглуулдаг байна. Тэгвэл энэ үйлчилгээг явуулдаг “Улаанбаатар буян” компанийн хувьд үйлчилгээний сонголтоос хамаараад 1,700,000-7,000,000  төгрөгийн хооронд үзүүлдэг. 1,700,000 төгрөгт гэхэд чандарлах зан үйлийг эхнээс нь авхуулаад дуусах хүртэл буюу бурхан болоочийг тээвэрлэх, бурхан болоочтой танхимд салах ёс хийх,  чандарлах, бунханд залах үйл явцын зардал багтдаг аж. Тэгвэл оршуулах буюу нутаглуулхад ойролцоогоор таван сая төгрөг болдог байна. Уг нь Манайхтай адил буддын шашинтай Азийн орнууд 80-90 хувьтай чандарлах зан үйл хийдэг байна.

Амьдралын боломжгүй учраас талийгаачдыг ил тавьдаг

 “НИТХ-ын 2014 онд батлан гаргасан “Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журам”-д нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй оршуулгын газар оршуулга хийх, талийгаачийн цогцсыг ил тавихыг хориглосон байдаг. Гэсэн ч өнөөг хэр нь талийгаачдийн цогцосыг ил задгай тавьсаар байгааг холбогдох албаны хүмүүс хэлж байв.

Талийгаачдийг зүгээр нэг ил тавьдаггүй

Суурин иргэншилд шилжсэн нийслэлийнхний хувьд талийгаачдаа гудамж, талбай хаа хамаагүй газар ил тавих нь үнэхээр зохисгүй. Энэ тухай Гандантэгчилэн хийдийн лам хэлэхдээ  “Биеэрээ амьтан хооллож, биеэ байгальд өргөж байгаа нь маш их буян үйлдэж буй хэрэг. Ингэж оршуулгын зан үйл үйлдэхдээ зүгээр нэг тавиад л орхичихдоггүй.

Тарнич лам хуврагууд очиж жод лүүжин тавих, хурал номын зан үйл үйлдэж нутаглуулдаг ба эргээд ар гэр, ойр дотны хүмүүс цэвэрлэдэг байсан уламжлалтай. Хаа хамаагүй газар айлууд дунд бурхан болоочийг тавихгүй. Ер нь аглаг хээр, алс газар амьтан хүн явдаггүй зэлүүд нутагт энэ ёсыг үйлдээд эргээд очиж хээрийн амьтан, шувуу аваагүй үлдсэнийг нь цэвэрлэдэг байсан.Бурхан болоочийг усанд өргөж, хөрсөнд оршуулж, ил тавьж, чандарлах гээд олон зан үйлээр оршуулж болно” гэсэн юм.