Авилгатай тэмцэх газраас жил бүр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын тайланг авч нийтэд мэдээлдэг юм. Төрийн түшээдийн хөрөнгө чинээг ард иргэд аваад сурчихсан гэсэн үг. Харин энэ жилийн тухайд “цочир сонин” дүн гарсан байж магадгүй байна. Учир юу гэвэл сүүлийн хэдэн жилд Монголын эдийн засаг хямарсан. Үүнтэй холбоотойгоор иргэдийн орлого хумигдаад баларч байгаа.
Орон сууцны, цалингийн зээлээ дийлэхгүйд хүрсэн залуус Солонгосыг зорьдог болоод удаж байна. Тэгвэл ийм цаг үед эрхэм улстөрчид маань хөрөнгө чинээ нь хэрхэв гэдгийг бид анхаарах ёстой юм. Тиймээс 2017 оны хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлсэн улстөрчдийн мэдүүлгээс зарим хэсгийг хүргэе. Ерөнхийлөгч Х.Баттулга 2016 онд буюу УИХ-ын сонгуульд ялагдсан жилд нийт орлого нь 19125.65 байжээ.
Харин Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа 130106.11 төгрөг болсон байна. Бас гэр бүлийн орлого нь 24000.00 байснаа 31200.00 болж өсчээ. УИХ-ын дарга М.Энхболд 2016 онд 91138.90 төгрөг олдог байснаа 2017 онд 118104.07 төгрөг олдог болжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн орлого Шадар сайд байхад нь 119913.61 төгрөг байжээ. Харин албан тушаал дэвшсэнийх нь дараа 134962.43 төгрөг болж өссөн байна. Ц.Нямдорж 2016 онд дан ганц УИХ-ын гишүүн байхдаа 171124.49 төгрөг олдог байжээ. ХЗДХ-ийн сайд болсных нь дараа орлого нь 23477.98 төгрөг болж огцом буурсан байна.
Харин хадгаламж нь 4625.00 байснаа 5150.00 болж өсчээ. УИХ-ын дарга байсан З.Энхболдын гэр бүлийн орлого 2016 онд 25944.85 төгрөг байжээ. Харин Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болсных нь дараа 2017 онд 29114.69 төгрөг болж өссөн байна. Бас хадгаламж нь 12155.59 байснаа 34498.58 болж өсчээ. Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын орлого 2016 онд 194501.32 байснаа сул гишүүн болсных нь дараа 169871.06 болж буурчээ. Харин гэр бүлийнх нь орлого 169871.06 төгрөг байснаа 2017 онд 375658.55 болж өссөн байна.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын гэр бүлийн орлого 2016 онд сул гишүүн байхад нь 54195.63 төгрөг байснаа Засгийн газрын гишүүн болсных нь дараа 110669.78 болжээ. ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн гэр бүлийн орлого 2016 онд 120600.00 төгрөг байжээ. Харин сайд болсных нь дараа 320600.00 төгрөг болж өссөн байна. Мөн Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийн 2016 оны гэр бүлийнх нь орлого 185201.35 төгрөг байсан бол сайд болсных нь дараа 923839.47 болж өсчээ. Түүнчлэн БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн гэр бүлийн орлого 2016 онд 79076.00 төгрөг байжээ.
Гэтэл 2017 онд сайд болсных нь дараа 222515.21 төгрөгт хүрсэн байна. Харин ЗГХЭГ-ын дарга асан Ж.Мөнхбатын нийт орлого 2016 онд 201872.98 төгрөг байснаа 2017 онд 183309.71 төгрөг болж буурсан байна. Дээрх дүнгээс харахад, улс хямарч, улстөрчдийн хэтэвч зузаарсан жил өнгөрсөн байна гэж хэлэхэд хэтийдэхгүй ажээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
1 comment
Эд нар чинь ард түмний мөнгөөр түрийвчээ зузаатгасан болохоос ард түмэн байхгүй бол эд юу гэж мөнгө олдох вэ дээ.