Хошин урлагийн ертөнцөд тэсрэлт хийсэн “+17 инээдмийн цуврал”-ын Жижгээ үзэгчдээс өндөр үнэлгээ аваад буй. Тэрбээр “Маск” продакшнаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн нэгэн. Мэргэжилээрээ ажиллахаас гадна чамгүй олон зүйлийг хийж голж шилэлгүй хийж үзжээ.
Амьдралын амтыг мэдрээд авсан тэрбээр жирэмсэн эхнэрээ дагуулан наадмын талбай дээр хөөсөн чихэр зарж байсан түүхээсээ “Миний амьдрал кино шиг юм байна аа. Эхнэртэй болж эхлээд л эхнэр маань жирэмсэн болоод цүндгэр гэдэстэй. Зургаан сарын үед манайх тоглолт зогсчихдог болохоор цалингүй. Хүмүүс наадмаар юм хийвэл мөнгө олдог гэхээр нь хөөсөн чихэр хийж зарахаар болоод хөөсөн чихрийн машин хүнээс мөнгө зээлж 500 мянган төгрөгөөр аваад зогссон.
Наадмын эхний өдөр зөвшөөрөл авалгүй эхнэртэйгээ хоёулаа хөөсөн чихрийн машинаа аваачаад, ширээ тавиад модны сүүдэрт зогссон. Манай эхнэр ард суучихсан мөнгө тоолоод л би хийгээд л. Тухайн үед жүжигчин байсан л даа, гэхдээ хүн намайг танихгүй шүү дээ. Эхний өдөртөө 700 мянган төгрөг хийгээд өрөө дараад бөөн баяр. Хоёр дахь өдөр байхгүй мэргэжлийн хяналтад хөөгдөөд, эндээс хөөхөд нь тэнд очоод, тэндээс хөөхөд нь энд очоод л 300 мянган төгрөгийн орлого олж байлаа. Залуу хүн яаж мөнгө олж болох вэ, яаж орлого олох вэ, яаж гэрээ тэжээх вэ гээд л толгойд явж байдаг” тухайгаа хуучилжээ.