Сонгинохайрхан дүүрэгт шүлхий өвчин гарсныг нууцлах ёстой гэж үзжээ

Монголчууд бид малын гоц халдварт шүлхий өвчинг “хазаарлаж” дийлэхгүйд хүрлээ. Өнөөдрийн байдлаар 7 аймгийн 12 суманд илэрч хорио цээрийн дэглэм тогтоогоод буй. Нийт 5200 мал өвчилж, 500-г нь устгалд оруулжээ. Халдварт өвчин нийслэлд илэрсэн гэх мэдээлэл байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг 22-ын товчооны ойролцоо малын гоц халдварт өвчин гарчээ.
Иргэн Г гэх айлын үхэр шүлхий өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэн. Энэ тухай гэрийн эзэд Нийслэлийн онцгой байдлын газарт анх мэдэгдсэн даруйд холбогдох албаны хүмүүс голомтод ажиллаж байгаа аж.Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын албаны эх сурвалжийн хэлснээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, дүүргийн Засаг даргын тамгын газар, Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны ажлын хэсэг ажиллаж байгаа аж. Мөн Нийслэлийн мал эмнэлгийн газраас иргэн Г-ын үхсэн үхэрнүүдэс дээж аваад явсан. Удахгүй хариу нь гарах гэнэ. Үүнтэй холбогдуулан тус хорооны иргэд энэ хэргийг нууцлах ёстой гэж ярьж байгаа аж.Хүмүүс халдварт өвчнийн голомтоос үхэр тээвэрлэж ирсэн “портер” маркийн автомашинаас анх халдвар тархсан гэж үзэж байгаа юм байна.