Монгол цэргийн өдөр буюу бидний ярьж заншсанаар “Цэргийн баяр” хоёр хоногийн дараа болно. Үнэндээ энэ өдөр монгол эрчүүд цэргийн алба хаасан, эсэхээрээ талцан, баяр тэмдэглэх эрхтэй хүн мөн үү гэдгээ хүүхнүүдэд батлан харуулах адармаат оролдлогодоо багагүй хүчин чармайлт гаргадаг билээ. Хүссэн, хүсээгүй олон нийтийн анхаарал эрчүүд дээр тусдаг энэ өдрийг уг нь тиймхэн тоглоом наргиан болгоод өнгөрөөмөөргүй байгаа юм.

Учир нь энэ бол туурга тусгаар Монгол Улсын дархан хилийн сөөм газрыг амиараа нөхсөн ахмад дайчдын, энхийн манаанд өдгөө мөр зэрэгцэн зогсож буй цэрэг эрсийн, эх орон дуудсан цагт эрслэн хөдлөх хатан зоригт хөвгүүдийн баярын өдөр мөнөөсөө мөн билээ.

Монгол цэргүүдийн эрдэм ухаан, эр зориг, суу заль, авхаалж самбаа эртнээс гайхагдсаар ирсэн. Хүж дэлхийн хүн зоныг эв найрамдалтай, амар тайван байлгахад монголчууд Хүннү, Сүннүгийн үеэсээ чухал үүрэг гүйцэтгэж ирснийг буурал түүх мартаагүй. Өдгөө ч энэ замнал үргэлжилж, 2002 оноос хойш дэлхийн халуун цэгт давхардсан тоогоор 13 мянга гаруй алба хаагч энхийг сахиулах, дэмжих ажиллагаанд нэр төртэй үүрэг гүйцэтгээд буй. Сүүлийн жилүүдэд монгол цэргийн нэр хүнд гадаад, дотоодод илт дээшилж байгаа учраас энэ салбар руу хошуурах залуус нэмэгдсэнийг армийнхан хэлдэг.

Нэг үе цэргийн зарлан дуудах хуудас ирэхэд яаж бултах, зугтахаа хамгийн түрүүнд боддог байсан эрчүүд өдгөө армид алба хаах нь нэр төрийн хэрэг гэдгийг ойлгож эхэлжээ. 1992 оноос хойш төрсөн эрэгтэйчүүд төрийн албанд ажилд орохын тулд цэргийн алба заавал хаасан байх ёстой гэдэг хуулийн заалтыг тэд дарамт шахалт төдийхнөөр ойлгохоо больсон байна билээ. Цэргийн зарлан дуудах хуудас аваад баярлан хөөрдөг залуус зөвхөн хөдөөд бус, төв орон газарт ч нэмэгдэж байгаа гэлцэнэ. Энэ бол маш сайхан хандлага.

Хуучин цаг шиг гурван жил алба хаахгүй ч гэлээ 365 хоногийн турш олон аавын хүүтэй нэгэн дээвэр доор аж төрж, зовлон, жаргалаа хуваалцдаг учраас эр цэргийн амьдрал хүнд олон зүйл өгдөг. Наанадаж үг, өл, ганц нэг удаагийн цохиур даах тэсвэр хатуужлаас эхлээд нөхөрлөлийн үнэ цэнэ хийгээд эх оронч үзлийн мөн чанарыг жинхэнэ утгаар нь ойлгуулдаг тухай цэргээс ирсэн ах нар ярьдаг.

АНУ, БНСУ-аас эхлээд гадаадын олон оронд цэргийн алба хаах нь сайн дурын хэрэг бус, бүх нийтийн үйл байдаг. Өмнөд Солонгост гэхэд эрчүүд нь нэр алдрын оргилд хүрсэн од байна уу, багтааж ядсан их мөнгөтэй, эсвэл бардаж сөрөх эрх мэдэлтэй байхаас үл хамааран бүгд цэргийн алба хаадаг. Манай хойд хөрш оросууд мөдхөн энэ тогтолцоо руу шилжихээр зэхэж буй гэх.

“Улс орноо хамгаалах нь байтугай, өрх гэрээ олигтойхон аваад явчих чадвартай монгол эр өдрийн од мэт цөөрсөн” гэх бэлгэгүй үг хаа сайгүй дуулдах болсон энэ үед цэргийн албаар дамжуулан, монгол эрчүүдийн нэр хүнд, сүлд хийморийг өргөх боломж харин ч байх шиг санагддаг. Зэвсэгт хүчнийхээ жанжин туган доор жагсаж үзсэн хал цэргийн бие задарч, ухаан тэлдэг юм бол эрчүүд минь хойш суулгүй албандаа морд! Амьдралд хожим дуурсах алдар, дуудах “онжав”-тай, тэмдэглэх баярт өдөртэй, тэсээд гарах сэтгэлийн хаттай болцгоо!

ИНФОГРАФИК

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

Офицер, ахлагч болох сонирхолтой залуус олширсон

Нийслэлийн Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, хошууч Б.Баянмөнхтэй ярилцлаа.

-Цэргийн алба хаах сонирхолтой залуус нэмэгдсэн гэдэг үнэн үү?

-Монгол Улсын Үндсэн хуульд 18 нас хүрсэн залуус цэргийн алба хааж, эх орноо хамгаалах үүрэгтэй гэж заасан байдаг. Улмаар цэргийн алба хаах хэлбэрүүдийг бий болгосон. Өмнө нь зөвхөн биеэр алба хаадаг байсан бол өдгөө дүйцүүлж болно. Мөн гэрээгээр цэргийн алба хаахаас гадна оюутан ахуйдаа цэрэгт явах зэргээр залууст сонголт олон бий. 1970- 1990 онтой харьцуулбал цэргийн алба хаах залуусын сонирхол нэмэгдэж байгаа.

-Энэ юутай холбоотой вэ. Залуусын эх оронч үзэл нэмэгдэж байна уу, эсвэл ажилгүй, гэртээ дэмий байхаар цэрэгт явъя гэсэн хандлага байгаа юм болов уу?

-Цэргийн алба болон Төрийн албаны тухай хууль нөлөөлсөн гэж үзэж байгаа. Төр, хувийн гэлтгүй бүх байгууллага залуусыг ажилд авахдаа цэргийн алба хаасан байх ёстой гэсэн шалгуур тавьдаг болсноос тэдний сонирхол нэмэгдсэн. Ер нь цэргийн алба гэдэг бол эрчүүдийн хувьд амьдралын сургууль болдог гэж би үздэг.

Залуус алба хаах явцдаа цэргийн мэргэжил эзэмшээд зогсохгүй дэг журам, зохион байгуулалтад суралцдаг юм.

Эрхэлсэн тодорхой ажилгүйгээс цэрэгт явсан хэсэг байхыг үгүйсгэхгүй. Цэргийн алба хаасан бол улсад нэг жил ажилласанд тооцож, тухайн хүний нийгмийн асуудлыг шийдэж өгдөг. Тиймээс цэргээс халагдаад улирч, офицер, ахлагчийн албанд орох сонирхолтой хүн олон болсон.

-Сонирхол нь дээшилж буй ч эрүүл мэндийн шалтгаанаар цэрэгт тэнцэхгүй хүн олширсон гэдэг. Өнөөгийн нөхцөл байдал нь ямар байна вэ?

-Сүүлийн таван жилийн дунджийг авч үзэхэд эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанаас чөлөөлөгдөж буй хүний тоо буурлаа. Алба хаах насны залуусын 30 гаруй хувь нь эрүүл мэндээр тэнцэлгүй чөлөөлөгддөг байсан шүү дээ. Гэтэл 2017 оны дунджийг тооцоход 26.3 хувь болж буурсан.

-Цэргийн насны залуусыг эрүүлжүүлэх чиглэлээр хэрэгжүүлдэг арга хэмжээ гэж бий юү. Хаврын татлагад тэнцээгүй бол өвчнөө эдгээж намар эсвэл дараа жил нь алба хаах нөхцөл бүрдүүлж өгдөг, эсэхийг тодруулахгүй юу?

-Бид нийслэлийн Эрүүл мэндийн газар, дүүргүүдийн Эрүүл мэндийн төв, ӨЭМТ-үүдтэй хамтран алба хаах насны залуусыг эрүүлжүүлэх чиглэлээр шат дараалсан арга хэмжээ авч байгаа. Өвчнөө хаана эмчлүүлэхийг нь зөвлөж байгаа гэсэн үг. Өнгөрсөн оныг бид “Цэргийн насны залуусыг эрүүлжүүлэх жил” болгон, тодорхой ажил хийсэн. Тухайлбал, эрүүл мэндийн үзүүлэлтийн программ хийлгэж, туршлаа.

Өнөө жилээс есөн дүүрэгт хэрэгжүүлнэ. Цэрэг татлагын комиссоор орж буй залуусын эрүүл мэндийн үзүүлэлтийг мэдээллийн санд оруулж, эмчлүүлэх байгууллагыг нь зөвлөөд, хаана, ямар эмчилгээ хийлгэж байгааг нь хянаж байх юм. Үүний тусламжтайгаар залуус ямар өвчнөөр голлон өвчилж байгааг хянах боломжтой.

-Оюутнууд сурч байх хугацаандаа цэрэгт явах боломжтой болоод багагүй хугацаа өнгөрлөө. Тэдэнд цэргийн ямар мэргэжил олгож байна вэ?

-Оюутан цэрэгт цэргийн мэдлэг олгох сургалт гэж бий. Засгийн газрын тогтоол, Батлан хамгаалах сайдын тушаалаар өнөө жилийн сургалт ирэх сарын 1-нээс эхэлнэ. Бид хамрагдах оюутнуудаа бүртгэж, бэлтгэл ажлыг нь хангаж буй. Энэ онд нийслэлийн 600 оюутан уг сургалтад хамрагдах тооцоо гарсан. Сургалт дөрвөн сар үргэлжилдэг.

Эхний хоёр сард нь цэргийн хэргийн онолын мэдлэг олгодог. Дараагийн хоёр сард нь цэргийн хэргийн анхан шатны мэдлэг эзэмшүүлдэг юм. Өнгөрсөн онд оюутан цэргүүдэд 11 чиглэлээр мэргэжил эзэмшүүлсэн. Энэ онд мөн тооны мэргэжлээр мэдлэг олгоно.

Хугацаат цэргийн алба хааж буй залууст нарийн мэргэжлийг чиглэлийн ангиуд нь эзэмшүүлдэг. Харин оюутан цэргүүдэд мэргэн буудагч, тасгийн захирагч, химич зэрэг мэргэжил эзэмшүүлж байна.

ДЭЛХИЙН ЖИШИГ

Хятадын арми орон сууц, тогтмол цалин өгдөг

Дэлхийн олон улсад энх цагт ч Үндсэн хуульд нь заасан, эх орноо батлан хамгаалах үүргийнхээ дагуу эрэгтэй хүн бүр, зарим улсын эмэгтэйчүүд цэргийн алба заавал хаадаг. Манай умард хөршийн 18-27 хүртэл насны эрчүүд 12 сар цэргийн алба хаах хуультай. ОХУ-ын их, дээд сургуулиудын дэргэдэх Цэргийн сургалтын төвийг төгсөгч гурван жил гэрээгээр алба хаана.

Офицер цолтой төгсөгч нь бэлтгэл хүчинд тооцогддог аж. Мөн дүйцүүлэх алба хааж болдог. Үүний хугацаа 18, эсвэл 21 сар гэнэ. Зарим үндэстний төлөөлөгчдийг армид алба хаахыг албаддаггүй байна. Өмнөд хөршид 18 наснаас цэргийн албанд татдаг ч БНХАУ-ын Зэвсэгт хүчний эгнээнд зөвхөн тусгай шалгуурын дагуу элсдэг. Цэргийн дүрэмт хувцас өмсөхийг хөдөөгийн залуус илүү эрмэлздэг гэнэ. Учир нь арми тэднийг орон сууц, тогтмол цалинтай байлгадаг ажээ.

Тэгвэл Израильд эрэгтэй нь гурав, эмэгтэй нь хоёр жил цэргийн алба хаадаг. Гэхдээ шашны хэд хэдэн шалтгаанаар алба хаах насны эмэгтэйчүүдийн гуравны нэг нь энэ үүргээс чөлөөлөгддөг аж. БНАСАУ-д 17 наснаас цэргийн албанд татдаг. Гэхдээ Хуурай замын цэрэгт 5-12, Агаарын цэргийн болон Агаарын довтолгооноос хамгаалах хүчинд 3-4, Тэнгисийн цэрэгт 5-10 жил алба хаалгадаг аж.

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА

Намар татагдсан цэргүүд хаврын хээрийн сургуульд гарах хоногоо тоолж сууна

Сонгины ам хэзээнээсээ алдартай хүйтэн газар. Өмнөх хэдэн өдөр дулаан байсанд дассан болоод ч тэр үү, өчигдөр өглөө тэнд очоод ихэд даарлаа. Хойно Сонгинохайрхан дүнхийж салхи хааж буй ч, дэргэдүүр урсах хатан Туулын жавар энэ газрыг хүйтэн болгодог аж. Тийшээ манай сурвалжлах баг зорьсон шалтгаан нь Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 326 дугаар ангиас сурвалжилга хийх байлаа. Биднийг тэнд очиход тус ангийн хугацаат цэргийн алба хаагчид жагсаалын талбайдаа жагсан, харуулын ээлжтэнгүүд зэвсгийнхээ дэргэд хөл тавин алхаж, хүйтнийг эс ажирна.

Төд удалгүй анги дотроос цэргийн сургалт, бэлтгэлдээ гарч буй салааныхан жагсаалын дуугаа дуулж, агаарын довтолгооноос зенитийн автомат буунуудын дэргэд очин танхимд үзсэн хичээлээ бататган зогсохдоо даарахыг үл тоосон харагдана. Хэрэв тэд хугацаат цэргийн албанд татагдаагүй, өвлийн хүйтэн өдрүүдэд Сонгины булангийн жаварт хайрагдаж өлчиржөөгүй бол хавирга нэвт салхилах хаврын хавсарганд нусаа хацартаа наах байсан биз ээ.

Энэ бүхнийг тоочсоны учир гэвэл хэдийгээр нэг жилийн хугацаатай ч эр цэргийн албанд залуус очоод хал үзэж, өлчиржиж, тэсвэр хатуужил сууж байгааг хэлэх гэсэн юм.

Тус ангийн штабын дарга, дэд хурандаа Б.Эрдэнэпил биднийг угтан ангийн өдөр тутмын үйл ажиллагаатайгаа танилцуулж, 2017 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага буюу өнгөрсөн намар ирж, эх орондоо тангараг өргөсөн хөвгүүдтэй биднийг уулзуулав.

Т.Энэрэлт

Д.Мичидхүү

Өглөө цэргүүд босож, цай, хоолоо идээд, анги 09.00 цагт нэгдэн Төрийн дууллаа дуулсны дараа хичээл сургууль хуваарийн дагуу орж байхад нь бид очсон юм. Нэг хэсэг нь танхимд хичээлээ хийж байсан бол бидэнтэй үүдэнд зөрсөн хугацаат цэргүүд танхимд сурснаа гаднах талбайд байгаа зенитийн буунууд дээрээ бататгахаар хөг, хөл нийлүүлэн явсан нь тэр. Тэдний дундаас Төрнэмэхийн Энэрэлт хэмээх байлдагчтай цөөн хором хөөрөлдлөө.

Айлын ууган энэ хүү өнөө жил 20 настай. Нийслэлийн Чингэлтэй дүүргээс өнгөрсөн намар хугацаат цэргийн албанд татагджээ. Тэрбээр “Би саналаараа цэргийн алба хаахаар ирсэн. Цаашид төрийн албанд орж ажиллахад ч хэрэг болох учраас ийм шийдвэр гаргаж, 20 гаруй жилийн өмнөх шиг гурван жил биш, ганцхан жилийн албыг хаачихаад ирье гэж бодсон юм. Би МУБИС-ийн биеийн тамирын багшийн ангид сурч байгаад гарч, 2017 оны хоёрдугаар ээлжийн татлагаар ирсэн.

Залуустаа хандаж хэлэхэд хугацаат цэргийн албыг насны залууд хаасан нь зөв шүү. Энд ирээд хүнтэй зөв боловсон харилцах, үг дааж сурч, тэсвэр хатуужилтай болохын зэрэгцээ мэдлэг боловсролоо ч дээшлүүлж байна. Ерөнхий боловсролын сургуульд байхдаа цэрэг, спортын “Дөл” тэмцээнд оролцож, цэргийн бага зэрэг мэдлэгтэй болсон. Энд ирээд цэргийн хэргийн мэдлэгээ илүү сайжрууллаа. Цэрэгт оны ялгаа, харилцааны зөрчил, дарга нарын дэг гэж зүйл байдаг хэмээн яригддаг байсан. Манай ангид тийм зүйл огт байхгүй. Офицер, ахлагч нар маань биднийг сурч боловсроход анхаардаг.

Цэргийн албанаас шантрах, зугтах зүйл огт алга. Тиймээс залуучуудаа цэрэгт яваарай гэж уриалъя. Миний дүү энэ жил 18 нас хүрч байгаа, ерөнхий боловсролын сургуулиа төгсөнө. Дүүгээ цэргийн алба хаагаарай гэж хэлж байгаа” гэв. Зэвсэгт хүчний 326 дугаар анги өнгөрсөн онд тэргүүний ангиар шалгарсны зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны одонгоор шагнуулсан, тайван цагт байлдааны үүрэг гүйцэтгэдэг, Улаанбаатар хот орчмыг агаарын нам өндрийн дайралтаас хамгаалж байдаг юм.

Цэргийн 12 мэргэжлээр бага мэргэжилтэн бэлтгэдэг энэ анги Монгол цэргийн өдрийн хүрээнд цэргийн алба хаагчдаа оролцуулсан олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж, хамгийн түрүүнд гуравдугаар сард мэндэлсэн цэргүүдийнхээ төрсөн өдрийг тэмдэглэх гэж байгаа аж. Энэ нь хэдийгээр жижигхэн арга хэмжээ мэт санагдавч цэргийн алба хаагчид үе тэнгийнхнээ хүндэтгэх, сахилга, соёлд суралцахад дэмтэй нь лавтай.

Өрлөг жанжин Г.Дэмид Зенитийн батерей Монголд байгуулах тушаал гаргасан 1937 оны дөрөвдүгээр сарын 6-наас манай зенитчдийн түүх эхэлдэг ч Зэвсэгт хүчний 326 дугаар ангийнх бол цэл залуу 20 настай. Цомхон, чадварлаг, мэргэжлийн армитай байх төр, засгийн зорилтод нийцүүлэн Зүүнбаянгийн цэргийн хүрээнд байсан зенитийн ангийг Сонгино цэргийн хүрээнд шилжүүлэн байрлуулсан 1997 оноос энэ ангийн түүх эхэлдэг.

Байлдааны жижүүрлэлттэй байгаа байлдагч Доржийн Мичидхүү өнгөрсөн намар 18 насанд хүрмэгцээ өөрөө хөөцөлдөж байж цэрэгт татагджээ. Тэднийх уг нь Дундговийнх. Тус аймаг дахь МСҮТ-д сурч байхдаа Хан-Уул дүүрэгт харьяалагдах болж өөрт нь цэргийн зарлан дуудах хуудас ирээгүй байхад нь Цэргийн штабтаа хандаж олж аваад ирсэн аж. Ээж нь дурамжхан байсан ч Д.Мичидхүү “Аав гурван жилийн алба хаасан. Би нэг жилийн алба хаачихаад ирье л дээ” хэмээн ээждээ учирлан зөвшөөрүүлжээ. Тэрбээр “Цэргийн албанд ирээд тэсвэр хатуужил, хүмүүжил гэдгийг сурч, хүний үг даадаг болдог юм байна.

Залуус гудамжинд явж байгаад зөрөлдөхдөө нэгнээ мөрлөснөөс болж муудалцдаг. Энд тийм явдал тохиолдсон ч бие биедээ хүндэтгэлтэй хандаж, уучлал гуйгаад зөв боловсон харилцах, хүний арга, эвийг олоод сурчих жишээтэй. Ер нь мянга сонссоноос нэг үз гэдэг шүү дээ. Цэргийн албаны талаар элдэв хачиртай цуу үг сонсож, зугтаж байснаас өөрөө ирээд алба хааж үзчих нь зөв юм байна гэдгийг үеийн залуустаа хандаж хэлмээр байна. Эр хүн болсных цэргийн алба хаагаарай гэж хэлье. Манай анги Монголдоо ганц байдаг. Тийм ч учраас энэ ангид алба хааж буйгаараа бахархдаг.

Удахгүй манай ангийнхан танхимд үзсэнээ бататгаж, офицер, ахлагч нарынхаа хамт хээрийн сургууль хийнэ. Тэр үед суралцаж буй буугаараа агаарын бай устгаж, анх удаа сум тавина гэхээр сэтгэл догдолж байна. Манай ангид дэглэлт, оны ялгаа гэж байдаггүй. Орчин үед цэргийн алба бие махбодтой нь биш, оюун ухаан, тархитай нь ажилладаг болсон гээд хэлчихэд нэг их буруудахгүй болов уу. Эр цэргийн алба хаах хугацаандаа эх оронч хүмүүжил, эх орноо хайрлах гэдгийг сайтар ойлгож байна. Сэлэнгэ аймагт гурван жилийн цэргийн алба хаасан аавдаа болон үеийн нөхдөдөө, офицер, ахлагч нартаа Зэвсэгт хүчний 97 жилийн ойн мэнд хүргэе” гэлээ.

Хуурай замын нэг төрөл цэрэг болох энэ ангид 21 аймаг, есөн дүүргээс залуус ирж алба хааж буй бөгөөд цэргийн эрдэмд шамдаж буй залуусын мэдлэг боловсрол жилээс жилд сайжирч, дунд, дээд мэргэжилтэй залуус ирэх болжээ. Орчин үед агаарын довтолгооноос хамгаалах технологи байнга шинэчлэгдэж байдаг нь энэ ангид алба хаах залуусын хүсэл сонирхлыг өдөөж байдаг бололтой.

Тус ангийн захирагч хурандаа С.Батболд “Манай ангийн хугацаат, гэрээт болон байнгын бүрэлдэхүүн хуулиар хүлээсэн үндсэн үүргээ биелүүлэхээс гадна олон талт ажиллагаанд удаа дараа оролцож байна. Бүтээн байгуулалт, гамшгийн хор хохирлыг арилгах зэрэг ажилд цэргийн алба хаагчид маань үүргээ нэр төртэй биелүүлсэн. Өнгөрсөн зун л гэхэд Төв аймгийн Эрдэнэ, Батсүмбэрт гарсан ойн түймрийг унтраахад 250 гаруй алба хаагч, техник хэрэгслийн хамт оролцсон. Баяр наадмын хурдан морины уралдааны зохион байгуулалтад ч үүрэг гүйцэтгэдэг. Бид өнгөрсөн жил дээд командлалын шалгалтад өндөр үнэлгээ авч тэргүүний ангиар шалгарлаа.

Зэвсэгт хүчний 97 жилийн ой, Монгол цэргийн өдрөөр манай ангид нэг баяртай үйл явдал тохиохоор болсныг дөнгөж сая ЗХЖШ-аас бидэнд мэдэгдлээ. Манай ангийн штабын дарга Б.Эрдэнэпилд хурандаа цол олгох шийдвэр гарсан нь манай ангийн хувьд баяртай үйл явдал.

Энэ дашрамд Монголын өдөр тутмын анхны чөлөөт хэвлэл “Өнөөдөр” сониноор дамжуулан уншигч түмэндээ болон Зэвсэгт хүчинд мөр зэрэгцэн алба хааж буй генерал, офицер, ахлагч, бэлтгэл алба хаагчид, түрүүч, байлдагч нарт Зэвсэгт хүчний 97 жилийн ой, Монгол цэргийн баярын мэндийг Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн хамт олны өмнөөс хүргэе” гэсэн юм.

Сонгины булан дахь буйдхан энэ ангид алба хааж буй залуус Зэвсэгт хүчний өнөөдрийн толь гэж үзэж болох юм. Өнгөтэй, жавхаатай байгаа тэд үе тэнгийнхнээ цэргийн алба хаахыг дахин дахин уриалсаар байв.

“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ

-Та цэргийн алба хаасан уу. Цэргийн алба танд юу өгөв?

Г.ГАНХУЯГ (Сонгинохайрхан дүүргийн XXII хорооны иргэн):

-Цэргийн албанд яваад хүний үг даадаг болж хүмүүжиж төлөвшихөөс гадна бие бялдрын хөгжил сайжирч, эх оронч сэтгэлгээ суудаг юм билээ. Би 1987 онд алба хаасан. Тэр үед цэргийн алба хоёр жилийн хугацаатай байв.

Олон аавын хүүхдүүдтэй мөр зэрэгцэн алхаж, ёстой л эр хүн болоод ирсэн дээ. Сүүлийн үед залуус цэргийн албыг нэг жил л хаадаг болсон. Гэтэл цэрэгт явах хүсэлтэй залуус цөөрсөн нь харамсалтай. Эр хүн бүр цэргийн алба хаах ёстой гэж боддог.

М.ДАМДИНДОРЖ (Баянгол дүүргийн XV хорооны иргэн):

-Би 2004 онд цэргийн алба хаасан. Жинхэнэ эр хүн л болгодог алба. Хамгийн чухал нь тэсвэр, хатуужил суудаг. Мөн бие дааж амьдрах чадвартай болдог юм билээ. Үүрэг авч, эх орноо хамгаална гэдэг нэр төртэй ажил.

Ц.БАТМӨНХ (Баянзүрх дүүргийн XIV хорооны иргэн):

-Цэргийн алба хаасан хүн маш их дэг журамтай болдог. Ядаж л аав, ээжээсээ хараат бус амьдарч чадна. Миний үед гурван жил алба хаадаг байлаа. Халагдахдаа жолооч, барилгачин гэх мэт мэргэжил эзэмшсэн. Гэхдээ одоогийнх шиг ганц, хоёрхон сарын жолооч биш шүү дээ. Бүх техникийг засаж, сэлбэж сурдаг байв.

Хотод төрж өссөн хүүхэд би Хязгаарын цэрэгт татагдаж байлаа. Хөдөө явж, даарч үзээгүй надад тэр хол очиж гурван жил болох хэцүү санагдаж байсан ч жинхэнэ утгаараа боловсроод ирсэн дээ. Одоогийн залуус цэргийн алба хаавал ядаж юу ч хийж сураагүй байж хүний өмнөөс хэдэрлэхээ болино гэж боддог. Цэргийн албыг тэр үеийнх шиг гурван жил биш юм гэхэд хоёр жил болгочихвол залуусын бие бялдрын хөгжил болон хүмүүжилд сайнаар нөлөөлнө.

Т.ГАНСҮХ (Хан-Уул дүүргийн иргэн):

-Эр хүн л юм бол цэргийн алба хаах ёстой. Тэсвэр хатуужил, хүнтэй харилцаж сурах эрдмийг цэргийн албанаас л олж авдаг. Би 2002-2003 онд алба хаасан. “Нэг жилийн цэргийн алба цэцэрлэг шиг болсон” гэж ярих хүн бий. Гэхдээ нэг жил гэдэг бага хугацаа биш, дурсамжтай, өгөөжтэй өнгөрсөн.

Шинэ цэрэг байхдаа цол нэмж салааны дарга болоод долоон цэрэг захирдаг байв. Тэднийг чиглүүлж, сургахын тулд өөрөө манлайлагч байх ёстой. 300 гаруй цэрэг дундаас ухаанаа уралдуулж, тэсвэр тэвчээрээр өрсөлдөнө гэдэг амьдралын маш том хичээл болсон.

П.АМАРБАЯР (Төв аймгийн Жаргалант сумын иргэн):

-Би цэргийн албыг дүйцүүлж хаасан. Ар гэрийн асуудлаас шалтгаалж алба хааж чадаагүй. Ер нь цэргийн алба хэрэгтэй л гэж боддог. Яваад ирсэн эрчүүдийг харахад их л буурь суусан харагддаг. Тиймээс боломжтой бол цэрэгт заавал яваарай гэж залууст уриалмаар байна.

Эх сурвалж: “Өнөөдөр” сонин

By updown

7 thoughts on “Дуурсах алдар, дуудах “онжав”-тай байхын тулд албандаа мордоцгоо, эрчүүд ээ”
  1. Цэрэг гэдэг зэрэг үгнүүс гаралтай гэдэг. Би 1986 оны цэрэг. Одоо ч он жавууд минь найз хэвээрээ л байдаг, хаана ч хэзээ ч дайралдсан ч нэрийн мартсан ч он жавууд байдаг шүү.1986 оны каринтын цэргүүдэд баярын мэнд хүргэе.

  2. Tseregt ochood ofitser baga darga nart yxtelee zoduulj,zoduulsanaa nuuhgyi bol er xynii toonoos xasagdaj,shudargaar yneniig xelbel goojuur mataaschin ner zyydeg jinhene xogiin gazar daa,tegsen mortoo ofiser baga darga nar ni shudarga bai gej odor byr xutsahiig ni yanaa,tseregt ochood shanaa daadag zoduur daadag zorigtoi bolj jyjiglex durtai ni yavahad zygeer shyy

  3. Eh orniig cini gadniihand hudaldcihaad vaohad uygaa hiij cereg t uvsh um.tov tabaii deeree irj olgarh lyivarcidtaigaa temcecgee.

  4. Шинэ цэрэг байхдаа цол нэмж салааны дарга болоод долоон цэрэг захирдаг байв. …хэ хэ тасгийн дарга байх аа.
    Цэргийн алба 3 жил байхад салааны захирагч болох гэж 4 жил сурдаг байлаа

  5. контор страйкд мөр зэрэгцэн тулалдаж явсан дайчин нөхөддөө ыаярийн мэнд хүргэе

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн