“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн байранд өчигдөр орой Эрүүгийн цагдаагийн газраас нэгжлэг хийж Зүтгүүрийн албаны дарга Н.А. Гүк, “ТМХС Монгол” компанийн нягтлан бодогч н.Одгэрэл нарын таван хүнийг баривчилсан байна.
“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Зүтгүүрийн албаны дарга Н.А. Гүк, нь “ТМХС Монгол” компанийг төлөөлж нэгдүгээр гарын үсэг зурдаг байсан аж. Өөрөөр хэлбэл, тэрбээр тус нийгэмлэгийн ажилтан хэрнээ “ТМХС Монгол” компанийг мөн төлөөлж байсан нь анхаарал татаж байгаа юм.
“Улаанбаатар төмөр зам” нь “Трансмашхолдинг”-той 2010 онд таван жилийн гэрээ байгуулсан байдаг. Тухайн үед тус нийгэмлэгийг одоогийн дарга Д.Жигжиднямаа удирдаж байсан бөгөөд энэ гэрээг байгуулсан аж. Энэхүү гэрээнд Улаанбаатар төмөр замын 25 зүтгүүр ажиллаж эхэлбэл засвар үйлчилгээ үзүүлэгч гэх ‘ТМХС Монгол’ ХХК 1 цагт 60.000 төгрөг авдаг байсан бол эвдэрсэн тохиолдолд бүхий л зардлыг гаргуулан авдаг байхаар тусгасан нь “гэрээний тухай хууль тогтоомжууд”-ыг зөрчсөн аж.
Мөн ‘ТМХС Монгол’ компанийн үйлчилгээний ажилтнуудын цалинг “Улаанбаатар төмөр зам” төлдөг байсан нь тогтоогджээ. “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн санхүүгээс нэгэн хувийн компанийн хэсэг ажилчдын цалинг олгож байсан нь ч ноцтой зөрчил юм.
Дээрх хүмүүсийг баривчилсан гол үндэслэлийг “Трансмашхолдинг”-ийн охин компани “ТМХС Монгол” ХХК-д төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засвар хийх, сэлбэг худалдан авах зэрэг ажил гүйцэтгэсэн гэх нэрээр 2010-2016 онуудад “Улаанбаатар төмөр зам”-аас нийт 78 тэрбум төгрөг гаргуулсныг зөрчилтэй гэж үзсэнийг эх сурвалж мэдээллээ. Дашрамд дурдахад уг гэрээг тус нийгэмлэгийн даргаар Л.Пүрэвбаатар томилогдон очсоныхоо дараа цуцалсан байдаг.
Эх сурвалж: News.mn