“Хүчит шонхор” захыг хаана гэв

Улаанбаатар хотын захирагч С.Батболд бүрэн эрхийнхээ хугацаанд малтай өрх, махны захуудыг хотоос гаргана гэдгээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа илэрхийлэв. Тэрбээр “Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 400 мянган орчим мал бий. Тэд бүгд Улаанчулуутын хогийн цэг дээр бэлчдэггүй. Улаанбаатар хотод ирж байгаа мах баталгаагүй, хяналтгүй нь үнэн. Тиймээс хотод худалдаж, борлуулах мах нь зөвхөн үйлдвэрийн аргаар нядлагдсан, гарал үүслийн гэрчилгээ, баталгаатай байх ёстой. Хотын хоёр захад том хэмжээний амьд малын зах ойрын хугацаанд барихаар төлөвлөсөн. Ингэснээр малчид ченжээр дамжуулахгүй махаа зарж, иргэд ч тухайн захаас баталгаатай мах худалдан авдаг болно. Сүү, сүүн бүтээгдэхүүн дээр ч ялгаагүй. Задгай сүү худалдахыг хориглох гэх мэт хүнсний аюулгүй байдлыг хангахад анхаарч байгаа” гэсэн юм.
Нийслэлд амьдарч буй 1.3 сая гаруй иргэдийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг хамгаалах ажлын хүрээнд “Улаанчулуут”-ын хогийн цэг, “Хүчит шонхор” захыг хаах зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.