Энэ харамсалтай явдал 2015 онд болсон. Хичээл сурлагадаа онц сайн, анги хамт олныхоо дунд нэр хүндтэй, хөл бөмбөгийн дугуйланд явдаг, алдартай хөлбөмбөгчин болох мөрөөдөлтэй байсан 13 настай хүү хүсэн хүлээсэн тэмцээнийхээ өдөр амиа егүүтгэв. Тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байсан түүний оронд багш нь яагаад ч юм өөр хүүхэд сонгосноор бүх зүйлийн эхлэл тавигдаж. Ээж, ах хоёртойгоо орой бүр хөлбөмбөгийн тухай ярьж хөөрдөг байсан хүү тэр өдрөөс хойш энэ тухай ам нээхээ больж, нэг л бодлогоширонгуй байх болсныг эх нь дээрх эмгэнэлт явдлын дараах мэдүүлэгтээ хэлжээ.
Хүү нь гэнэт өөрчлөгдөж, сэтгэл нь ямар нэг зүйлд илт шаналаад буйг анзаарсан хэрнээ тэр ээж яагаад үр хүүхэдтэйгээ илэн далангүй ярилцаж болоогүй юм бол
Хүү нь гэнэт өөрчлөгдөж, сэтгэл нь ямар нэг зүйлд илт шаналаад буйг анзаарсан хэрнээ тэр ээж яагаад үр хүүхэдтэйгээ илэн далангүй ярилцаж болоогүй юм бол. Ядаж багштай нь уулзаад, хүүдээ шалтгааныг нь зөвөөр хэлж ойлгуулахыг гуйсан бол ийм харамсалтай явдал гараа ч үү, үгүй ч үү. Болоод л өнгөрөх байсан тэр нэг хөлбөмбөгийн тэмцээнийг амьдралынхаа эцсийн зогсоол юм шиг эндүүрсэн 13-хан настай гэнэн хүүд хорвоо дэлхий хэчнээн уудам саруул, боломж хэзээд гардаг гэдгийг яагаад хэн ч ойлгуулж, таниулахыг хүсээгүй юм бол…
Улсын ерөнхий прокурорын газраас амиа хорлолтын талаарх томоохон суурь судалгааг Монголд анх удаа хийсэн бөгөөд 2012-2016 онд нийтдээ 2055 хүн (үүнээс эрэгтэй 1729, эмэгтэй 326) өөрийнхөө “хүслээр” орчлонгоос буцсаныг энд тэмдэглэжээ. Дээрх 2055 тохиолдлын 30 гаруй хувь нь 10-29 насныхан буюу өсвөр үеийнхэн, залуучууд байгаа нь сэтгэл эмзэглүүлсэн баримт гэдгийг УЕПГ-ын Сургалт, судалгааны төвийн Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг судлах хүрээлэнгийн захирал Б.Өнөрмаа онцлов. “Чамайг тэжээж, өсгөх гэж бид зовж байна” гэх мэтээр эцэг, эхчүүд хүүхдийг уураа гаргах “мишок” болгон, харааж зүхдэг нь өсвөр үеийнхний сэтгэл зүйд маш хүндээр тусаж, улмаар амиа хорлоход хүрсэн хэд хэдэн тохиолдол гарсныг ч тэрбээр халаглалаа.
10 настай хүүгийн балчирхан оюун тархинаас “Аав, ээж та хоёрыгоо зовоож байсанд уучлаарай” гэсэн гэрээслэл бичээд, хоолойгоо боомилох шийдвэр гартал нь зовоодог ямар гээчийн амьдрал, яачихсан нийгэм юм бэ. Зам, заяа нийлэхгүй эхнэр, нөхөр хоёр саллаа гэхэд төрсөн үрээ нэгнээсээ өшөө авах “хэрэгсэл” болгон ашиглаж, аав, эсвэл ээжтэй нь уулзуулахгүй, бэтгэрүүлсээр эцэст нь амиа егүүтгэхэд хүргэсэн гэхээр хэлэх ч үг олдохгүй юм.
“СУРГУУЛЬ ХҮҮХДЭД БЭРХШЭЭЛИЙГ ДАВАН ТУУЛАХ ЧАДВАР СУУЛГАХ ЁСТОЙ”
“Монгол Улсын хүн амын эрүүл мэндийн бодлого бие махбодийн өвчлөл рүү хэт анхаараад, сэтгэцийн тулгамдсан асуудлыг орхигдуулсаар ирсэн. Амиа хорлосон хүмүүсийн зан төлөвийг судлаад үзэхэд 72 хувь нь өөрийгөө илэрхийлэх чадваргүй, нээлттэй бус, зожиг ганцаардмал байсан нь тогтоогдсон. Хамгийн эмзэглүүштэй нь түр зуурын сэтгэл гутралын улмаас асуудлын гарцыг олж харахгүй, амиа хорлох сонголт хийж буй хүүхэд, залуучуудын тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Тэгэхээр монголчууд бид хүүхдийг гэрт нь ч, сургуульд нь ч “Дуугүй бай, томоотой бай, хичээлээ хий” гэж загнаж, шахдаг буруу арга барил, хандлагаа өөрчлөх цаг хэдийнэ болжээ.
Хүүхэд гэхээр л томчуудын өөдөөс үг дуугарах ёсгүй, уурлах, уйлах эрхгүй хүмүүс биш шүү дээ
Хүүхэд гэхээр л томчуудын өөдөөс үг дуугарах ёсгүй, уурлах, уйлах эрхгүй хүмүүс биш шүү дээ. Тулгамдсан асуудлаа нээлттэй хэлж ярьдаг, өөрийгөө илэрхийлэх, бэрхшээлийг даван туулах чадварт тэднийг сургахын тулд цэцэрлэгээс нь анхаармаар байна” хэмээн Б.Өнөрмаа прокурор ярилаа. Үнэндээ хүүхдэд боловсрол эзэмшүүлэх дэлхий нийтийн сургалтын хандлага өөрчлөгдөж байхад монголчууд бахь байдгаараа явааг олон хүн шүүмжилдэг. “Хүүхдүүдэд сэтгэлгээний боловсрол (түүх, уран зохиол, философийн хичээлээр үүнийг олж авдаг)-ыг багаас нь суулгаж өгөхөд бүх шатны сургалтын байгууллага анхаарах ёстой юм.
Жишээ нь, “Хүн ахтай, дээл захтай гэж юу гэсэн үг вэ” гэж асуугаад, хүүхдүүдийг хооронд нь чөлөөтэй мэтгэлцүүлснээр тэндээс философийн анхны бодомжийг авдаг. Гэтэл манай ахлах ангийн сурагчдад ч философийн хичээл ордоггүй. Энэ зэрлэг, бүдүүлэг нийгэмд философигүйгээр хол явахгүй. Сократ “Амьдралын утга учрыг мэдэхгүйгээр амьдраад хэрэггүй” гэсэн байдаг.
Амьдралын утга учрыг мэдүүлээгүй учраас өнөөдөр монгол хүүхдүүдийн дунд амиа хорлох үзэгдэл түгээмэл болчихоод байна. Философийг судалснаар хүний амьдралд юу ч тохиолдсон бэлэн байх чадварт суралцдаг юм” хэмээн нэрт соён гэгээрүүлэгч, Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Нямаа сануулсан билээ.
Хүүхдээ онц сурсангүй, олимпиадад түрүүлсэнгүй гэж бусадтай харьцуулан зэмлэхийн оронд аливаа бэрхшээлийг даван туулах чадварт суралцаж байна уу, үгүй юү гэдгээр боловсролын түвшинг нь хэмждэг дэлхийн жишиг рүү хэзээ бид явах вэ. Тэгэхгүй бол цэцэг цэврүү шиг хүүхдүүд аав, ээж, багшийгаа загнангуут гомдсондоо өндрөөс үсэрч, “хариугаа авдаг”, найз нөхөд нь олны дунд элдвээр хэлэнгүүт ичсэндээ орох, байх газаргүй хэмээн сэтгэж амиа егүүтгэдэг халаглам жишиг тогтох нь.
БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГУУД МЭРГЭЖЛИЙН СЭТГЭЛЗҮЙЧТЭЙ БАЙХ НЬ ЧУХАЛ
Бухимдсан үедээ эрчүүд шиг сархад хүртэн, эмэгтэйчүүд шиг “хов базаж” дотроо онгойлгох боломж хүүхдүүдэд үгүй тул тэднийг тэвчээртэй сонсож, ойлгох хэрэгцээ шаардлага өнөөгийн нийгэмд нэн чухал байгааг сэтгэл судлаачид дуу нэгтэй хэлж байна. “Хүүхдийг аливаа асуудлыг хүчирхийллийн бус аргаар шийдвэрлэх арга барилд сургана” гэсэн заалт Бага, дунд боловсролын тухай хуульд байдаг ч энэ нь амьдралд хэрэгждэггүй. Үүний хэрэгжилтэд хяналт тавьдаг газар ч байдаггүйг мэргэжлийн социологич, сэтгэл судлаачдыг хамруулсан томоохон судалгаа хийсэн прокурорын байгууллагынхан хэлж байна.
Өсвөр насны хүүхдүүд амиа хорлох тохиолдол жилээс жилд өсөж байгаа
“Бид суурь судалгааны дүнгээ Засгийн газар болон ХЗДХЯ, БСШУСЯ зэрэг газарт хүргүүлсэн. Дээрх яамд эхнээсээ ажлын хэсэг гаргаад, тодорхой ажил хийж байгаа. Өсвөр насны хүүхдүүд амиа хорлох тохиолдол жилээс жилд өсөж байгаа нь нийгмийн үзэгдэл болсон тул төр, засаг үүнд зайлшгүй анхаарал хандуулах нь чухал. Нэн түрүүнд ерөнхий боловсролын сургуулиудыг сэтгэлзүйчтэй болгомоор байна. Хүүхдүүд өөрт болон гэр бүл, анги танхим, найз нөхдийн хүрээнд тулгамдсан асуудлаа сэтгэлзүйчид хэлж, асуудлын гарцыг хамтдаа эрэлхийлдэг байх нь тэдэнд маш их хэрэгтэй гэж үздэг.
Одоогоор улсын хэмжээнд ганц сургууль мэргэжлийн сэтгэлзүйчтэй байгаа нь “Орчлон” ахлах сургууль юм” хэмээн УЕПГ-ын Сургалт, судалгааны төвийн дарга М.Гантулга хэлэв. Манайд жил бүр цөөнгүй сэтгэлзүйч бэлддэг ч олонх нь мэргэжлээрээ ажиллаж чаддаггүй. Учир нь ерөнхий боловсролын сургуулиудын удирдлага нийгмийн ажилтнаа сэтгэлзүйчийн үүрэг гүйцэтгэдэг гэж ойлгодгоос улбаатай гэнэ.
АМИА ХОРЛОСОН ХҮМҮҮСИЙН 30 ХУВЬ НЬ УРЬД НЬ 1-2 УДАА ОРОЛДЛОГО ХИЙЖ БАЙЖЭЭ
Хэдхэн хоногийн өмнө “Монголчууд амиа хорлолтын статистик мэдээллээр дэлхийд гуравдугаарт бичигдлээ” гэдэг “сенсаац” олон нийтийн сүлжээгээр өндрөө авсан. “Энэ мэдээлэл үнэн”, “Энэ бол худлаа” гэж гайгүй ч идэвхтэй хоёр талцсан. Монголчуудын дунд амиа хорлох тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа нь үнэн боловч арай ч дэлхийд гуравт ортлоо “хурдлаагүйг” прокурорынхон хэлж байна.
Цагдаагийн байгууллагаас гаргасан мэдээллийн дагуу таван жилийн хугацаан дахь эрүүгийн хэрэг тус бүрийг нарийвчлан шалгаж, архины хордлогын улмаас нас барсан уу, эсвэл усанд живсэн үү, осгосон уу, осолд орсон уу, эс бөгөөс үнэхээр амиа хорлосон уу гэх мэтээр золгүй учралаар амь эрсэдсэн тохиолдлуудад дүн шинжилгээ хийсэн тэдний үгэнд итгэлгүй яах вэ.
Ер нь бол 100 мянган хүнд ногдох амиа хорлолтоор манайхан дэлхийд 40 орчимд яваа нь баярлах зүйл биш, бас тайвшрах ч тоо биш билээ. Хамгийн гол нь хүүхэд, залуусын орон гэгддэг Монголд хүн амын үзүүлэлтэд хамгийн гэрэл гэгээ нэмдэг, итгэл найдвар төрүүлэхүйц хэсэг нь амиа егүүтгэх сонголт хийгээд буйд л зайлшгүй анхаарах нь чухал. ДЭМБ-ын судалгааны тайланд 2016 онд Монголд 216 хүн амиа егүүтгэсэн тухай дурджээ. Гэтэл Улсын ерөнхий прокурорын газраас хийсэн дээрх суурь судалгааны дүнд 2016 онд 333 монгол хүн амиа хорлосныг тогтоосон байгаагаас харахад манайд энэ тохиолдлыг бүртгэх мэдээллийн сан бүрдүүлж, холбогдох байгууллагын нэгдсэн сүлжээтэй болох шаардлагатай нь харагдана.
Тэгж байж хүн амд үзүүлэх сэтгэл зүйн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй болгох, амиа хорлох оролдлого хийхээс урьдчилан сэргийлж чадна. Нэг эмгэнэлтэй жишээ татъя. 2012-2016 онд амиа хорлосон 2055 хүний 30 шахам хувь нь урьд нь 1-2 удаа амиа егүүтгэх оролдлого хийж байсан гэнэ. Хэрэв эхний нэг, хоёр удаагийн оролдлогын дараа тэр хүмүүст сэтгэл зүйн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй үзүүлсэн бол 600 монгол хүний халуун амийг аварч болох байсан ч юм бил үү.
Тиймээс л амиа егүүтгэсэн болон, егүүтгэх оролдлого хийсэн тохиолдол бүрийг бүртгэж, хаана, ямар асуудал тулгардаг болоод хүмүүс ийм сонголт хийж байна вэ гэдгийг нэгтгэн гаргах нь маш чухал аж. Учир нь цагдаагийн байгууллагынхны “золгүй учралаар нас барсан” гэж бөөнд нь бүртгэдэг олон шалтгаан дотроос хүний алтан амийг аварч болох, урьдчилан сэргийлэх хамгийн боломжтой нь амиа хорлолт гэдгийг мэргэжилтнүүд хэлсэн.
Эх сурвалж:
1 comment
Manai pizdaa Aav urgeljiin hutsaj ulij bdag. Huniig eldveer doromjilno, harin ni oodoos ni solior gesen chin chi muu hunii oodoos ym
Heldeg hen bee????? Muu pizdaanuud olon bnaa. Bid hund haraagdah gej toroogui, horvood torson ni bidnii buruu ymuu? Pizda nariin sex ees uudej l toroo bizdee. Bi toryoo gej heleegui, ted oorsdoo toruulcheed daraa ni huuhdee eldveer doromjilno, eniig yu gej oilgohuu? Yah gej hun doromjiloh gej hun toruuldeg bnaa pizdaanuud