Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 11 сумын 787 айл өрх отроор явж байгаа бөгөөд эдгээр айл өрхөд жирэмсэн эх 28, өндөр настан 125, 0-5 насны хүүхэд 317, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 63 байна. Харин отроор 273024 мянган толгой мал явж байгаагаас бод 9578, бог 263446 толгой байгаа юм байна.
Малчид 2017 онд өөрийн хэрэгцээнд өвс 50100 тн, тэжээл 1900 тн, давс, хужир 8020 тн бэлтгэхээс өвс 44737 тн, тэжээл 1185 тн, хужир шүү 5637 тн бэлтгэсэн бол аймгийн 2016 оны өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөнд 319 тонн өвс, 64.0 тонн тэжээл, 2017 онд шинээр нэмж 180.0 сая төгрөгөөр 300 тонн өвс, 180 тонн тэжээл бэлтгэжээ.
Сумдын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөнд 685.9 тонн өвс, 188.3 тонн тэжээл бэлтгэсэн бөгөөд аймаг болон зудтай, зудархуу байгаа сумдын өвс, тэжээлийн нөөц дууссан гэж аймгийн Засаг даргын орлогч Ч.Батболд танилцууллаа.
Тус аймагт улсын чанартай Улаан даваа, Боршоо, Наранбулаг, Сонгино зам даваанд шуурхай ажлын хэсгүүдийг ажиллуулж байгаа бөгөөд Цагаанхайрханы “Мөндөөхэй”, Хяргас “Нарийн зураа” зэрэг орон нутгийн чанартай чиглэлийн зам давааг өөрсдийн хүчээр гаргах ажлыг зохион байгуулан ажиллажээ.
Тус аймгийн Баруунтуруун, Зүүнговь, Наранбулаг, Өндөрхангай, Тэс, Хяргас сум зудтай, Зүүнхангай, Малчин, Улаангом зудархуу байгаа бөгөөд Завхан, Тариалан, Цагаанхайрхан сумын өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч 5900 толгой мал хорогдоод байна. Тухайлбал: Тэмээ 7, адуу 187, үхэр 312, хонь 2122, ямаа 3209 хорогджээ.
Аймгийн онцгой комиссоос Улсын онцгой комиссын шуурхай бүлэгт хандан хэд хэдэн тулгамдсан асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсч байлаа.
Аймгийн аюулгүйн нөөцөнд өвс, тэжээл нэмж бэлтгэхэд 500 сая төгрөгийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх, Хяргас сумын Засаг даргын тамгын газарт автомашины асуудлыг шийдвэрлэх, Бөхмөрөн, Тэс, Зүүнговь сумдын Эрүүл мэндийн төвүүдэд автомашины асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг уламжиллаа. Мөн Тэс сумын Улсын нөөцийн цэгийг Наранбулаг сум руу шилжүүлэх, Өндөрхангай суманд шинээр Улсын нөөцийн цэгийг байгуулах саналыг ч тавьсан юм.
Аймгийн өвөлжилтийн нөхцөл байдал, сумдын өвс, тэжээлийн нөөц дууссан зэрэг аймаг, орон нутгаас тавьсан саналыг үндэслэн Увс аймагт улсын нөөцөөс 1060 тонн өвсийг үнэгүйгээр, 500 тонн тэжээлийг 50 хувь хөнгөлөн олгохоор шийдвэрлэж, өвс, тэжээлийн эхний цувааг аймаг, орон нутагт хүлээлгэн өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.