Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Бүгд Найрамдах Польш Улсын Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн бодлогын сайдын урилгаар тус улсад ажлын айлчлал хийж байна. Энэ удаагийн айлчлалаар Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурж, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар дахь хоёр орны цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр яриа хэлэлцээ хийх юм.
Варшав хотноо энэ сарын 23-нд очсон С.Чинзориг сайд Польшид ажиллаж амьдарч буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийсэн бөгөөд энэ үеэр айлчлалынхаа зорилгыг танилцуулж олон жил яригдсан ч одоо л ажил хэрэг болж буй уг хэлэлцээрийг байгуулснаар Польшид ажиллаж амьдарч буй болон өмнө нь ажиллаж амьдарч байсан монголчуудын хувьд нийгмийн хамгааллын тал дээр том боломж нээгдэж буйг онцлоод “Польштой уг хэлэлцээрийг байгуулснаар манай улс Европын Холбооны улсуудаас хоёр оронтой нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах Засгийн газар хоорондын албан ёсны баримт бичигтэй болж буй юм. Хоёр улсын Засгийн газар хооронд энэ хэлэлцээрийг байгуулах нь нэгдүгээрт, Польшид одоо ажиллаж байгаа манай монгол иргэдэд ашигтай. Учир нь тодорхой хугацааны дараа эх орондоо ирэхэд Польшид ажиллаж байсан жил тэтгэвэрт гарахад нь тооцогдоод явна. Хоёрдугаарт, өмнө нь Польшид ажиллаж байгаад одоо эх орондоо амьдарч байгаа, эсвэл тэтгэвэрт гарсан иргэд тухайн улсад ажилласан жилээ нөхөн тооцуулж тэтгэврийнхээ мөнгөн дүнг нэмэгдүүлэх боломж эрх зүйн хувьд бүрдэх юм” хэмээн тайлбарласан.
БНПУ-д 1000 шахам монгол иргэн хууль ёсны эрхтэйгээр ажиллаж амьдарч байгаагийн 60 орчим хувийг уламжлалт эмнэлгийн салбарт ажилладаг эмч тэдгээрийн гэр бүл эзэлдэг аж. Польшид монгол эмч нар нэлээд эрэлттэй, ялангуяа уламжлалт анагаах ухаанаар мэргэшсэн туршлагатай эмч нараас өөрийн гэсэн эмнэлгээ нээн ажиллуулж байгаа хүн ч цөөнгүй гэнэ.
Тэд олон жилийн турш нийгмийн даатгалд хамрагдах талаар ирж буцсан дарга нарт хэлж ярьдаг ч манай хоёр улсын хооронд хууль эрх зүйн зохицуулалт байгаагүйгээс хэчнээн өндөр цалин авч нийгмийн даатгалын шимтгэлд их мөнгө төлсөн ч үр дүнг нь үзэх боломжгүй байсан гээд хоёр улсын Засгийн газар хооронд Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулахаар ирсэн С.Чинзориг сайдад талархал илэрхийлж байлаа. Өнөөдрийн байдлаар Польшоос Монголд 20 гаруй хүн удаан хугацаагаар амьдарч буй бөгөөд энэ хэлэлцээр тэдэнд ч мөн хамаатай байхаар зохицуулалтыг хийжээ. Нийгмийн хамгааллын хэлэлцээрт энэ сарын 25-нд хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулах юм.