Манай улсын иргэд АНУ-д түр ажиллах виз мэдүүлэх боломж бүрдлээ. Тус улсын Дотоод аюулгүй байдлын яамнаас улирлын чанартай болон хөдөө аж ахуйн салбарт ажиллах зөвшөөрөл олгодог H-2A болон H-2B визээр 2018 онд тус улсад нэвтрэх боломжтой орнуудын жагсаалтыг шинэчлэн гаргасан байна. Энэхүү жагсаалтад Монгол Улс анх удаа багтсан нь энэ аж. Энэ журам нь 2018 оны нэгдүгээр сарын 18-наас 2019 оны нэгдүгээр сарын 18 хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөх юм.
H-2A виз нь хөдөө аж ахуйн салбарт АНУ-ын ажиллах хүч дутагдалтай байгаа үед гадаадын иргэдийг АНУ руу түр хугацааны хөдөө аж ахуйн ажил хийлгэхээр авчрахыг зөвшөөрдөг. Харин H-2B виз нь хөдөө аж ахуйгаас бусад ажиллах хүч дутагдалтай салбарт түр хугацааны эсвэл улирлын чанартай ажил гүйцэтгэхээр АНУ-д зорчих гэж буй хүмүүст хамаарах юм. H-2A виз мэдүүлэхийн тулд АНУ дахь ажил олгогч нь I-129 маягт буюу Цагаачлалын бус ажилчны зөвшөөрлийн өргөдлийг таны өмнөөс мэдүүлэх ёстой. Харин H-2B виз мэдүүлэх тохиолдолд ажил олгогч нь АНУ-ын Хөдөлмөрийн яамнаас уг ажилд тохирох ажиллах хүч дутмаг болохыг баталсан гэрчилгээ авах ёстой бөгөөд визний зөвшөөрөл тэрхүү баримтад үндэслэгдэх ажээ.
Сүүлийн үед АНУ-аас албадан гаргасан, визний зөрчилтэй иргэдээ хүлээн авах тал дээр Монгол Улсын Засгийн газар хүчин чармайлт гаргаж, АНУ-ын засаг захиргаатай хамтран ажиллагаагаа сайжруулж байгаа учир H-2A, H-2B виз мэдүүлэх боломжтой орноор нэрлэсэн байна.
АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яамнаас H-2A визээр нэвтрэх боломжтой 82, H-2B ангиллын визээр нэвтрэх боломжтой 81 орныг танилцуулсан байна.