Тайванийн Дээд шүүхээс хүү нь ээждээ өсгөж хүмүүжүүлсэн, шүдний эмчээр сургасан хэмээн нэг сая ам.доллар өгөх ёстой гэж шийдвэрлэжээ
Энэ ээж 1997 онд тухайн үед 20 настай байсан хүүтэйгээ гэрээ байгуулжээ. Уг гэрээнд дээд сургуулиа төгссөнийхөө дараа сарын цалингийнхаа 60 хувийг ээждээ төлнө гэж заасан аж. Энэ гэрээний дараа хүү хэсэг хугацаанд ээждээ төлбөр төлж байсан боловч хэдэн жилийн дараа мөнгө өгөхөөс татгалзсан байна. Ингээж ээж нь хүүгээ шүүхэд өгчээ.
Хүү шүүхэд хандаж хэлсэн үгэндээ ёс суртахууны хувьд хүүхдээсээ өсгөж, хүмүүжүүлсэн хэмээн санхүүгийн нөхөн төлбөр шаардах нь буруу гэж мэдэгдсэн байна. Гэвч шүүхээс гэрээ нь хуулийн хувьд хүчин төгөлдөр учир хүүг ээждээ нэхсэн мөнгийг нь хүүтэй нь төлөх шийдвэр гаргажээ.
Халамжийн тухай хууль
Ло хэмээх нэрээр шүүхэд хандсан энэ эмэгтэй нөхрөөсөө салсныхаа дараа хоёр хүүгээ ганцаараа өсгөжээ. Шүүхэд тэрбээр хөвгүүдээ дээд сургуульд шүдний эмчээр сургахад хэдэн зуун мянган ам.доллар зарцуулсан гэсэн байна. Гэвч нэг л өдөр тэр хүүхдүүдээ өтөл насандаа ээжийгээ харж халамжлахгүй байх вий хэмээн санаа зовох болжээ.
Ингээд хоёр хүүтэйгээ гэрээ байгуулж, олсон цалингийнхаа тодорхой хувийг тэдний сургалтын төлбөрт зарцуулсан мөнгөний нөхөн олговор хэлбэрээр төлөхөөр тохиролцжээ. Ингээд нийт 1.7 сая ам.долларын гэрээ байгуулсан байна.
Орон нутгийн хэвлэлүүдэд мэдээлж буйгаар том хүү нь ээжтэйгээ арай бага мөнгөн дүнгээр гэрээ хийжээ. Харин бага хүү Чу нь энэ гэрээнд гарын үсэг зурахдаа хэтэрхий бага байсан тул хүчингүйд тооцох ёстой гэжээ.
Түүнчлэн тэрбээр дээд сургуулиа төгсөөд хэдэн жил ээжийнхээ шүдний эмнэлэгт ажиллаж, одоо нэхэмжилж байгаагаас нь илүү их мөнгө олоход нь тусалж байсан гэж мэдэгджээ.
Харин Тайванийн Дээд шүүхээс гарын үсэг зурсан энэхүү гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн байна. Учир нь хүү тухайн үед гэрээнд гарын үсэг зурахдаа нас биед хүрсэн бөгөөд хэн ч албадаж шаардаагүй гэнэ. Тайванийн Иргэний хуулиар бол насанд хүрсэн хүүхэд өндөр настай эцэг эхийнхээ сайн сайхан амьдралд хариуцлага хүлээх үүрэгтэй байдаг аж. Зарим гэр бүлд хүүхдүүд нь эцэг эхээ анхаарч халамжилдаггүй ч олонх аав ээж хүүхдүүдээ шүүхэд өгдөггүй байна.