Нийслэлийн Мэдээллийн технологийн газар нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт заасан мэдээллийн технологийн салбарын чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлын бодлогыг тодорхойлж, олон талт үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд зохион байгуулан, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын програм хангамж болон техник хангамжийг стандартад нийцүүлэн, орчин үеийн ухаалаг технологийг нэвтрүүлж, цаашдын бодлогыг тодорхойлон ажилладаг.
Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас 2017 онд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын харилцаа, холбооны дэд бүтцийг сайжруулан мэдээллийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангаж хадгалалт, хяналтыг сайжруулахад онцгой анхаарч, байгууллагуудын мэдээллийн хүртээмж, урсгал, мэдээллийн ой санамжийг сайжруулах, хот төлөвлөлт болон удирдлагын шийдвэр гаргалтыг оновчтой, хурдан цаг алдалгүй гаргахад ухаалаг технологийн үр ашигтай шийдлийг нэвтрүүлэн нийслэлээс иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулан ажиллалаа.
Түүнчлэн байгууллагуудын мэдээллийн хүртээмж, урсгал, мэдээллийн ой санамжийг сайжруулах, хот төлөвлөлт болон удирдлагын шийдвэр гаргалтыг оновчтой, хурдан цаг алдалгүй гаргахад сүүлийн үеийн ухаалаг технологийн үр ашигтай шийдлийг нэвтрүүлэн ажиллаж байна. Мэдээллийн технологийн шийдлүүдийг ашиглан нутгийн захиргааны байгууллагуудын засаглалыг сайжруулах, мэдээ мэдээллийн ил тод байдлыг ханган цаг хугацаа, зардлыг хэмнэж нийслэлээс иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулахад онцгой ахиц гаргасан билээ. Тухайлбал:
Төрийн мэдээлэл солилцооны “Хур” системийг нийслэлийн үйлчилгээнд нэвтрүүлэн иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд бусад төрийн байгууллагаас гардаг лавлагаа, тодорхойлолтыг нэхэх, баримт бичгийн эх хувийг заавал нотариатаар баталгаажуулахыг шаарддаг асуудлыг шийдвэрлэж, цэцэрлэгийн бүртгэл, элсэлтийн цахим систем, “Хот байгуулалтын орон зайн дундын мэдээллийн сан” төсөл, тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний “Смарткар” зэрэг иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн системүүдийг шинээр нэвтрүүлж нийслэлээс үзүүлж байгаа үйлчилгээнүүдээс хамгийн их хүндрэл чирэгдэл учруулж, бухимдал үүсгээд байгаа үйлчилгээг цахимаар шийдэж иргэдийн талархалыг хүлээсэн.
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд тоон гарын үсэг нэвтрүүлж, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бүтээн байгуулалт, худалдан авах ажиллагаа гүйцэтгэлийн ажлын явц төсөв, хөрөнгийн хэмжээ зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг харж болох орон зайн мэдээлийн системд суурилсан “Шилэн тендэр” системийг хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болоод байна.
Хороодоос үзүүлэх төрийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэхэд нийслэлийн нэгдсэн сүлжээг өргөтгөж, шинээр Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар болон харьяа 23 хороодыг холбосноор 9 дүүргийн 151 хороо нийслэлийн өндөр хурдны шилэн кабелийн нэгдсэн сүлжээнд бүрэн холбогдлоо.
Бид бүхэн нийслэлийн Дата төвийг өргөтгөн сервер, тоног төхөөрөмжийг шинэчлэн зохион байгуулснаар нутгийн захиргааны байгууллагуудын интернэт хэрэглээний зардлыг 13 хувиар бууруулан, харилцаа холбооны зардлыг хэмнэж, мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажилласан зэрэг амжилтаар дүүрэн 2017 оныг үдэн өнгөрүүлж байна.
Та бүхэндээ 2018 онд ажил үйлс нь амжилт, бүтээлээр арвин байхын ерөөл дэвшүүлж, Улаанбаатар хотоо мэдээллийн технологийн шийдэл бүхий орчин үеийн хот болгон хөгжүүлэхэд хамтран ажиллахыг хүсье!
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН
ГАЗРЫН ДАРГА О.ЧИНЗОРИГ