Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь Их аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Асашёорюү Д.Дагвадоржийн нэвтрүүлгийг үзэхэд 3 хоног үлдлээ.
Японы АВЕМА телевизээс “Асашёорюүг унагаагаад 10 сая иен” шоу нэвтрүүлгийн талаар мэдээлснээр 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн орон нутгийн цагаар 19.00-23.45 цагийн хооронд уг нэвтрүүлгийг гаргах юм.
Асашёорюү Д.Дагвадоржийн өрсөлдөгчдийн хувьд эхний удаад тамирчин бус энгийн таван залуу өрсөлдөнө. Үүний дараа сумогоос өөр төрлийн спортын шилдэг гурван тамирчинтай тулалдах юм. Америкийн холимог тулаанч Боб Сапп өрсөлдөнө гэж байсан ч түүнийг татгалзсан талаар мэдээлэл гарсан. Харин Боб Саппыг тулалдахгүй гэдгийг Д.Дагвадорж өөрөө үгүйсгэсэн.
Асашёорюүгийн дараагийн өрсөлдөгч Японы жүдо бөхийн шилдэг тамирчин Изүми Хироши юм. Тэрбээр жүдо бөхийн 90 кг-д барилдаж “Афин 2004” олимпийн наадмаас мөнгө, 2005 оны ДАШТ-ий алтан медаль, 2008 онд Азийн аварга болсон шилдэг жүдоч. Изүми Хироши 2009 онд зодог тайлснаас хойш холимог тулаанд хүч үзэж байна. Харин Их аварга Д.Дагвадоржийн сүүлийн VIP өрсөлдөгч хараахан тодроогүй байна.
Дашрамд дуулгахад, Асашёорюү Д.Дагвадорж 2017 оны дөрөвдүгээр сард Монголын холимог тулааны “Зэв” холбооны “Капитан” буюу ахмадын үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Д.Өлзий
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг