Энэ бол Японд болсон түүх юм. Токиогийн нэгэн сонинд хачирхалтай зар хэвлэгджээ. “Эцэг эхээ зарна. Аав 68-тай, ээж 66-тай. Үнэ 900 йен” хэмээн уг зард бичжээ.
Энэ зарыг харсан хүн бүр л жинхэнээсээ шоконд орж байв. Тэр ч битгий хэл “Ийм ч цагт амьдрах гэж. Одоо бүр төрүүлж, өсгөсөн эцэг эхээ зардаг болжээ. Төр засаг нь юу харж байна аа” гээд л шүүмжилцгээж байв. Ерөнхийдөө нэлээд шуугиан тарьжээ.
Энэ сонинд саяхан эцэг эхээ автомашины ослоор алдсан залуу гэр бүл үзжээ. Аав, ээж нь үгүй болж, гашуудан шаналсан тэдэнд эцэг эхээ зарна гэдэг маш том доромжлол мэт санагдсан нь ойлгомжтой. Тиймээс тэд хөгшчүүдийг худалдан авч, халуун дулаан хайр халамж бэлэглэхээр шийдэв.
Ингээд тэд зарын дагуу очтол гайхаж орхижээ. Тэдний өмнө өнгө өнгийн цэцгээр хучигдсан талбай бүхий тансаг байшин байх нь тэр. Тэд хаягаа андуурч дээ хэмээн буцах гэтэл хаалга онгойж, нэгэн өвгөн инээмсэглэн зогсож байв.
-Сайн байна уу? Магадгүй энд алдаа гарсан байх л даа. Гэхдээ зар дээр танай хаягийг өгсөн…
-Тийм ээ, орооч!- хэмээн танихгүй өвгөн сандрангуй хэлэв.
Өвгөн зочдоо суулгаад эхнэрээ дуудав.
-Харж байгаа биз дээ. Бид тийм ч ядуу улс биш ээ. Гэхдээ бид өв залгамжлуулах үр хүүхэдгүй хүмүүс. Тиймээс бид ийм зар тавьж, өв залгамжлах хүнээ олохоор шийдсэн юм.
Бид энэ зарын дагуу хамгийн зөөлөн энэрэнгүй сэтгэлтэй, хүнлэг хүмүүс ирнэ гэж мэдэж байсан юм! Үнэнийг хэлэхэд ийм хүмүүс олдоно гэдэг сүүлийн үед эргэлзэх болсон. Харин та нар бидний хүлээж байсан хүмүүс мөн байна. Тиймээс бид та нартай уулзсандаа маш их баяртай байна!-гэв.