Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өнгөрсөн амралтын өдөр буюу бямба гаригт ТЭЦ 4 ДЦС-д гарсан гэмтлийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “ТЭЦ 4 ДЦС-д гарсан аваартай холбогдуулаад хэлэхэд яг энэ үйлдвэрлэл, аюулгүй байдлыг ерөнхий инженер хариуцдаг. Ерөнхий инженер Б.Дашдаваад хариуцлага тооцооч гэсэн бичгийг Төрийн өмчийн хороонд явуулж байсан.
Гэтэл өнөөдрийг хүртэл хариуцлага тооцоогүй байна. Яам өөрөө хариуцлага тооцох эрх мэдэлгүй. Та нар аваар осол гарахаар над руу хандаж байна. Гэтэл энэ компаниудыг чинь удирдаж, төсөв төлөвлөгөөг нь баталж, хариуцлага тооцож байгаа субьект нь Төрийн өмчийн хороо болчихоод байгаа. Бид ТӨХ руу иймэрхүү хүсэлт л явуулж байна.
Энэ хүсэлт өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байгаа нь сахилга хариуцлага сулрахад нөлөөлж байна. Засгийн газар энэ асуудлыг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх байсан ч хойшлогдсон. Энэ явдал манай эрчим хүчний систем бие даасан систем биш гэдгийг харууллаа. ТЭЦ 4 дээр аваар гарахад бүгдээрээ зогсож байна. Үүнийг савалт гэдэг. Харьцангуй хүчин чадлын хувьд зөрүүтэй, ТЭЦ 4-ын нэг блокийн хүчин чадалтай станц бол ТЭЦ 3. Энэ байдал бидэнд том дохио сануулга өглөө.
Өнөөдөр бид Багануур дээр 350 мгвт-ын хүчин чадалтай 2 генератортай станц барих тухай ярьж байгаа. Гэтэл ТЭЦ 4 380 мВт-ттай явж байгаад унахад бүгд дагаад унаж байна. Тиймээс Багануурын асуудлыг бодолцох хэрэгтэй. Яг саяных шиг системд савалт үүсгэх нэг станцтай болж болзошгүй. Хоёрдугаарт нар, салхины цахилгаан үүсгэврийг ихээр хөгжүүлж болохгүй гэдгийг энэ явдал харуулж байна. Нарны станц 300 мВт хүрээд гэнэт наргүй болохоор яг ийм аваар гардаг. Энэ мэтчилэн бид бодлого дээрээ өөрчлөлт гаргаж, нар салхины станцын зөвшөөрлөө цэгцлэх хэрэгтэй.
Бие даасан эрчим хүчний системтэй болохын тулд усан цахилгаан станцуудын ажлыг урагшлуулж, Амгалангийн цахилгаан станцыг 50 мгвт-аар өргөтгөн зөвхөн дулаан үйлдвэрлэдгийг цахилгаан үйлдвэрлэдэг болгох хэрэгтэй. ТЭЦ 3-ыг 75 мВт-аар өргөтгөх боломж ч бий” гэв.