“Хоолой өвдлөө” гээд тоохгүй явах нь аюултай

Эрс тэрс хүйтэн цаг уур амьсгалтай манай орны хувьд иргэд хоолойн өвчинөөр өвдөх нь түгээмэл. Ханиаж найтаах үед өвчин үүсгэгч нян агаарт цацагдаж, арчуур, сав суулга, цагаан хэрэглэл зэрэгт наалддаг байна. Хувийн ариун цэвэр сайн сахиагүй, “хоолойн өвчин”-ийг тоохгүй явах, дур мэдэн эм уух нь өвчнийг эдгээх биш архагшуулан хүндрүүлж зүрх бөөр үе мөчид эмгэг үүсгэдэг аж. Түүгээр ч зогсохгүй цочмог идээт үрэвслийн хүндрэл нь залгиур орчмыг буглааж цээжний голтын эрхтэнд халдварлаж, үхэлт хүргэх аюултай болохыг эмч мэргэжилтнүүд анхааруулав. Тиймээс өвдсөн даруйд нарийн мэргэжлийн эмчид хандаж, тохирсон эмчилгээг хийлгэх зайлшгүй шаардлагатай аж.